sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр энэ үеэрээ төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон гэж мэдэгдэв.
 
Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
 
Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой болж байна. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  6 сарын цалингаас хэтрэхгүй байх юм.
 
Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгохоор тохиролцжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг