sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Израиль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
 
Итгэмжлэх жуух бичиг барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ц.Хэйфецийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Израиль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн 26 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад, энэ харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд талархал илэрхийлээд хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аж үйлдвэрийн салбарт хоёр тал хамтран ажиллаж ирсэн, өндөр  технологи, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт ч харилцаагаа өргөжүүлэх бүрэн боломжтойг хэллээ. Мөн Элчин сайдаар уламжлан Израиль Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэндчилгээ дамжууллаа.