sonin.mn
Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцооны талаар хуульч Д.Миеэгомботой ярилцлаа.
 
-Улс төрийн намуудын өнөөгийн санхүүжилтийн тогтолцоонд хуульч хүний хувиар та ямар дүгнэлт өгөх вэ?
 
-Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Энэ хуульд нам өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдэг үндсэн зарчмыг оруулж байсан. Улс төрийн намын тухай хуульд 2015 оны нэгдүгээр сарын 28-нд өөрчлөлт оруулсан.
 
Нам өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдэг нь хэвээрээ. Нэг нэмэгдсэн зүйл нь улсын төсвөөс дэмжлэг өгөх тухай байсан. Улс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн орчин гишүүдийнхээ татвар, дэмжигчдийнхээ хандиваар санхүүжиж байна. Сонгуулийн хуулийн зохицуулалтад намын хөрөнгө, хандив гэж байгаа. Гуравдугаарт, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө орно. Энэ гурван ойлголт дээр сонгуулийн санхүүжилт тогтож байгаа. Үүнийг сүлээд аваад үзэхээр улс төрийн намын өөрийнх нь бий болгосон хөрөнгө гэж байна. Түүн дээр нь улс төрийн нам өөрийнхөө эд хөрөнгийг түрээслүүлж олсон орлого нэмэгдэнэ. МАН гэхэд өөрийнх нь байрлаж байгаа төв байшингаас эхлээд орон нутгийн намын үүрийг  түрээслүүлдэг системтэй. Өнөөдрийн байгаа эрх зүйн орчинд тааруулж өөрийнхөө олж байгаа орлого, санхүүжилтийнхээ эх үүсвэрийг нэрлэж заах зүйлтэй байлгах гэсэн оролдлогын хүрээнд шийдсэн шийдвэр. АН-д бол харьцангуй тийм зүйл байдаггүй. Өнөөдрийн санхүүжилтийн тогтолцооны зөвхөн өнгөн тал нь энэ. Гэвч гишүүнийхээ татвараар амьдардаг нам гэж байхгүй. Улсын төсвөөс өгч байгаа хэдэн төгрөгөөр ч амьдрахгүй.
 
-Тэгвэл улс төрийн санхүүжилт тогтож байгаа бодит хэлбэрийг юу гэж харж байна?
 
-Улс төрийн тогтолцоог амьд байлгаж хөдөлгөж байгаа бидэнд харагддаггүй, мэдэгддэггүй мөнгөн урсгал байгаа. Үүнийг нэрлэж хэлэхээс аргагүй. Мөрийтэй тоглох, бооцоо тавих хэлбэр рүү хоёр нам засаглаж байгаа, үүний цаана санхүүжилт нь тогтож байгаа. Монголын бизнесийн орчноос эх үүсвэртэй, магадгүй гадны компаниуд үндэстэн дамнасан, улс дамнасан корпорациуд байж болох юм. Энэ бол нууц биш. Мэдээж хэрэг манай улстөрчид, улс төрийн албан тушаал горилогсдын өөрсдийнх нь хөрөнгийн эх үүсвэрийн асуудал нэг талд нь бий. Үүн дээр л өнөөдөр улс төрийн тогтолцоо тогтож байна. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Нэр дэвшигчид тойргоо услах гэдэг ойлголт бий. Дөрвөн жилийн турш хандив, дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн мөнгө хөрөнгөөр өөрийнхөө горилж байгаа, намдаа суудал авчрахаар зорьж байгаа тойрогтоо өглөг өгөх, услах тухай юм. Эсвэл амралт, зугаалга гээд үй түмэн олон хэлбэртэй. Баяр бүрээр мэндчилгээ дэвшүүлнэ, гарын бэлэг өгнө, аялуулж зугаалуулна. Сонгогчдод зонхилох нөлөөтэй сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний тухайлбал, нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмж, даатгалыг хариуцдаг байгууллагын албан тушаалтнуудыг хамбад мөргүүлдэг, гадаадад аялуулдаг. Одоо бол хууль чангараад хязгаартай болчихсон. Түүнээс өмнө бол замбараагүй байсан үзэгдэл. Тэгэхээр өнөөдөр хаус байдалтай байна.
 
-Улс төрийн тогтолцоог амьд байлгаж хөдөлгөж байгаа бидэнд харагддаггүй, мэдэгддэггүй мөнгөн урсгал байгаа гэлээ. Ийм байдлыг үүсгээд байгаа шалтгаан нь юу вэ?
 
-Эрх зүйн орчин нь маш их ерөнхий томъёололтой. Түүний хүрээнд нам бүр өөр, өөрсдийн яг үүн рүү чиглэсэн менежерүүдтэй. Тэр хүнийн удирдлага, улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог зохицуулж байгаа эрх зүйн орчны их ерөнхий байдал хоёрын хооронд энэ ажлыг яаж зохион байгуулж, яаж үймүүлж болох вэ гэдэг өргөн орон зайд энэ ажиллагаа явагдаж байгаа. Эрх зүйн зохицуулалт ийм ерөнхий, тухайн хүмүүсийн авьяас чадвар, доошоогоо хэр их увайгүй байх вэ, нөгөө тал руугаа ямар их зоригтой байх вэ гэдэг шалгуур дээр санхүүжилт, ялалт, дараагийн хуваарилалт, албан тушаалын наймаа бүгд явж байна. Нэг ёсондоо улс төрийн нам бол ерөөсөө төрийн албыг гаргаж зардаг лангуу болж хувирсан. Энэ нь санхүүжилтийн механизмтай гол сэжмээр холбоотой. Үүний тод жишээг өнгөрсөн сонгуулиар Ц.Сандуй, М.Энхболд хоёрын ярьсан бичлэгээс харлаа. Үүнийг гүтгэлэг гээд байгаа. Гэхдээ ортой л зүйл. Нөгөө намд нь ч байгаа. Нөгөөх нь ч тийм ариухан эд биш шүү дээ. Нэг тогоонд байгаа учраас нэг нь цагаан тагтаа, нөгөө нь хар саарал хэрээ байх боломжгүй.
 
-Санхүүжилтийн буруу системийг засч залруулах боломжтой юу?
 
-Нэгдүгээрт, сонгуулийн зардлыг төр санхүүжүүлэхгүй байх нь зүйтэй. Сонгуулийн зардал гэхээр өнөөдрийн бидний ойлгодог зардлаар төр хэзээ ч санхүүжүүлж дийлэхгүй. “Эрдэнэт”-ийг “Тавантолгой”-той нь өгөөд ч хоёр сонгуулийн цаана гарч чадахгүй. Тэгэхээр сонгуулийн зардлын зохистой хэрэглээ, зардал дээр тохиролцох ёстой. Үүний дараа улсын төсвөөс санхүүжих ёстой. Улсын төсвөөс санхүүжүүлж төр татвар төлөгчдийн мөнгийг үрэх гэж байгаа бол улс төрийн намд шаардлагаа тавих ёстой. Намын гишүүнчлэл гээд бүх зүйлүүд нь шинэчлэгдэх ёстой. Өнөөдөр Монголд улс төрийн нам гэж байхгүй. Бид гадныхныг авч ирээд хуурдаг. Манайх хүний эрх, ардчилсан нийгмийг баталгаажуулсан Үндсэн хуультай, парламентын тогтолцоотой, олон намын системтэй, сонгуулийн бус ардчиллын системтэй, хэвлэлийн эрх чөлөөтэй, шударга шүүхтэй гэж. Үнэн хэрэг дээрээ юу ч байхгүй. Энэ бол анархизм, жүжиг, улс төрийн ашиг хонжоо, эдийн засаг бизнесийн явцуу сонирхлын бүлэглэлүүд дээр л бүх зүйл тогтож байгаа. Сүүлийн 25 жил ийм л юмыг монголчууд хожлоо.
 
-Монголд улс төрийн намын үзэл баримтлал алдагдсан гэж судлаач, мэргэжлийн хүмүүс онцолдог. Та ч бас энэ тухай хэлж байна?
 
-Өнөөдөр намууд ли­бериал, социал де­мократ, ардчилсан социалист гэж өөрсдийгөө нэрлэж байгаа. Гэхдээ яг үзэл баримтлалаараа нэгдчихсэн зүйл ердөө биш. Монголд улс төрийн тогтолцооны хувьд үзэлгүйн, онолгүйн, үзэл сурталгүйн, үзэл баримтлалгүйн гуйланч­лал болчихсон. Монгол хүн, монгол үн­дэстний хувьд сэтгэлгээний гуйланчлал болсон. Үнэн хэрэг дээрээ ийм байхад улстөрчид амьдрал сайхан байна, эргэн тойронд байгаа машин, байшин барилгаа хар гэдэг. Энэ бол юу ч биш. Эцсийн эцэст улсын хөгжил гэдэг хүний хөгжил. Хүний хөгжил гэдэг хүмүүжил, эрүүл мэнд, боловсрол. 1990 оноос хойш хүмүүжилгүй хүн боловсрохоор ямар болдгийн эхний жишээг амсаад эхэллээ. Хүмүүжилгүйгээр, хүн болж төлөвшихгүйгээр боловсорсон хүн ямар болдгийг цаашид улам их харна. Сүүгээр бол дээр нь байгаа өрөм буюу нийгмийн баялгаас хүртэж, эдийн засгийн хувьд чадавхжиж, боломждоо хүрсэн хүмүүсийн II үеийнхэн буюу бидний өдөр тутмын амьдралыг огт мэдэхгүй, шал өөр орчинд өсч бойжсон, Монголын боловсролын тогтолцоогоор дамжаагүй үеийнхний давалгаа ирж байна. Үүнд Монгол Улс хэрхэн яаж хөдлөх вэ гэсэн ирээдүйн 25 жилийн асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг хооронд нь уялдаа, шүтэлцээтэй авч үзэхгүйгээр зөвхөн нэг талаас нь яриад хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Улс төрийн нам гэдэг ямар байх вэ. Жишээ нь, нацист үзэл суртлыг номлож байгаа нам Монголд байна. Шууд гаргаад хэлэхгүй байгаа ч фашизм ярих гээд байгаа хүмүүс байгаа. Үүнийг хязгаарлах эрх зүй Монголд байхгүй.
 
Хамгийн эхлээд улс төрийн намыг Үндсэн хуульд томъёолох хэрэгтэй. Үндсэн хуулийн улс төрийн намын тухай зохицуулалт, түүнийг дагасан органик хууль буюу Улс төрийн намын тухай хуулийг чамбайруулахаас бидний ажил эхлэх ёстой. Хоёрдугаарт, улс төрийн намын буюу түүгээр дамжаад Засгийн газрын, УИХ-д гарч байгаа улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харъя. 2008 онд Н.Энхбаяр дарга байхдаа санаачлаад Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх баримт бичгийг УИХ тогтоол хэлбэрээр батлуулсан. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 1992 оноос хойш монголчуудын хөгжлийн талаар нэгдэх гэж оролдсон анхны оролдлого байсан. Харамсалтай нь Н.Энхбаяр даргын тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, байр сууриас шалтгаалаад төдийлөн дэмжлэг авч чадаагүй. Үнэхээр сайн баримт бичиг байсан хэдий ч үндэсний зөвшилцөл бий болоогүйгээс энэ баримт бичиг хэрэгжээгүй.
 
-Үндэсний хөгжлийн цогц бодлогын агуулга юу байв?
 
-Үүнээс хойш улс төрийн намууд энэ Үндэсний хөгжлийн цогц бодлогын хөтөл­­бөрийг хэн, яаж, ямар арга замаар сайн хэрэг­жүүлэх вэ гэдэг асуудал байсан. Үүнд улс төрийн нам, Зас­гийн газар, сонгуульд оролцож байгаа мөрийн хөтөлбөрүүдийг нэгтгэх шаардлага байлаа.
 
Гол нь дээр ярьсан органик хуулийн хүрээнд улс төрийн намын санхүүжилтийг улсын төсөв рүү аваачаад үүний тулд хуулийг чамбайруулж, улс төрийн намыг үзэл баримтлалтай, төрийн албан тушаалыг сонгуулиар зардгийг болих хэрэгтэй.
 
Төрийн албан ту­шаалт­ны хуваарь шат­лан ахих буюу чадавхид суурилсан байхыг Үндсэн хуульд шууд зааж өгөх ёстой. Үүнээс улс төрийн намыг салгаад, нөгөө талд нь дээр дурдсан хөгжлийн хөтөлбөр рүү намын мөрийн хөтөлбөр, бүх бодлогыг чиглүүлж чадсан тохиолдолд бидний мөрөөдөж ярьдаг бодлогын нам бий болно.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин