sonin.mn
Орхон /МОНЦАМЭ/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр буюу энэ сарын 22-нд Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол”ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав.
 
1996 онд байгуулагдсан тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн бөгөөд нийт 40 га эргэлтийн талбайтай юм. Өнгөрсөн онд 85 тонн төмс, 350 тонн байцаа, 28 тонн лууван, 20 тонн манжин тариалж, зах зээлд нийлүүлжээ. Харин энэ онд 10 га талбайд төмс, 22 га талбайд хүнсний ногоо тариалахаар төлөвлөж байгааг тус бүлгийн ахлагч Л.Ганбат онцлов.
 
Тэрбээр, “Манай бүлэг ногоогоо хадгалах зоорийн асуудлаа нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа. Иймд зоорь барих иргэдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Мөн тариалан эрхлэгчид техникийн шинэчлэлд зориулсан урт хугацааны зээл олгохыг хүсч байна” хэмээв. Түүнчлэн улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг тодруулав.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох асуудлыг бид хэлэлцсэн. Аль ногоонд нь хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ гэдэгт гол асуудал тулгарч байна. Өөрөөр хэлбэл, лууван, байцаа зэрэгт их ажиллагаа ордог. Харин төмс харьцангуй бага ажиллагаатай. Тэгэхээр лууван, байцаа тариалж байгаа хүмүүст илүү урамшуулал олгох зэрэг асуудал бий. Үүнийг нарийвчлан судлах хэрэгтэй” гэлээ.
 
Мөн ХХААХҮ-ийн Сайд П.Сэргэлэн ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсоныг дурдав.
 
Орхон аймаг энэ онд 3840 га талбайд тариалалт хийж буй аж. Үүний 3580 га-д үр тариа, 380 га-д төмс, 348 га-д хүнсний ногоо тариалах юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы 80 орчим, төмсний 30, хүнсний ногооны 20 орчим хувийг тариалаад байгааг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ж.Бат-Өлзий  ярилаа.
 
Орхон аймаг. Жаргалант сум Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг