sonin.mn
МОСКВА./Sputnik/. Дэлхийн хэмжээнд 2016 онд зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл болон байгалийн гамшгийн улмаас 31.1 сая хүн улс орныхоо дотоодод дүрвэсэн байна гэж Норвегийн дүрвэгчдийн зөвлөл болон Дотоодын шилжилт хөдөлгөөнийг хяналт тавих төвөөс өчигдөр гаргасан тайлан мэдээнд бичжээ.
 
Уг тайланд дурдсаныг үзвэл, өнгөрсөн онд 6.9 сая хүн зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн улмаас дүрвэсэн бол 24.2 сая хүн байгалийн гамшгийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.
 
Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэлд хамгийн их өртжээ. Тус бүс нутагт 2016 онд 2.6 сая хүн дотооддоо дүрвэсэн байна. Ойрхи Дорнод болон Хойд Африк дотооддоо дүрвэгчдийнхээ тоогоор хоёрдугаарт /2.1 сая хүн/, Өмнөд Ази гуравдугаарт /1.1 сая хүн/ бичигдэж байна.
 
Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүс нутаг нь өнгөрсөн онд байгалийн гамшигт хамгийн их нэрвэгджээ. Байгалийн гамшгийн улмаас Хятадад 7 сая, Филиппинд бараг 6 сая хүн улс орныхоо дотоодод дүрвэжээ.
 
Дотооддоо дүрвэгчдийн тоо гадаад улс орнууд руу дүрвэгчдээс хоёр дахин өндөр байгаа хэдий ч олон улсын хамтын нийгэмлэг зөвхөн гадаад улс орнууд руу дүрвэгчдийн асуудалд л анхаарлаа хандуулж байна гэж уг тайланд цохон тэмдэглэжээ.
 
Норвегийн дүрвэгчдийн зөвлөл бол дүрвэгчид болон дотооддоо дүрвэсэн хүмүүст тусалдаг ТББ юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг