sonin.mn
ИЕРУСАЛИМ. /Reuters/. Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж чадахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэллээ.
 
Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Иерусалим хотод Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах үеэрээ ингэж хэлсэн байна. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар гадаад дахь анхны айлчлалаа хийж байгаа билээ. Тэрбээр эхлээд Саудын Аравид айлчилж, дараа нь Израильд очсон юм.
 
Д.Трамп Израилийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг хөндөн ярьжээ. Тэрбээр “энэ хэлэлцээр нь Иранд зөвхөн эд мөнгө, хөгжил цэцэглэлтийг өгөөд зогсохгүй террористуудыг үргэлжлүүлэн дэмжих боломжийг өгсөн” гэж хэлсэн байна.
 
Зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Сири, Йемен болон Иракт Ираны нөлөө нэмэгдэж байгааг АНУ-ын төрийн тэргүүн цохон тэмдэглээд “Иран эдгээр улс руу шиитийн журамт цэргүүд болон зэвсэгт хүчний алба хаагчдаа илгээж байна” гэж хэлсэн байна.
 
Израилийн аюулгүй байдлыг хамгаална гэдгээ амласан Д.Трампт Б.Нетаньяху талархал илэрхийлэхийн сацуу “Ираны талаарх Америкийн бодлого өөрчлөгдөж байгаад Израиль баяртай байна” гэж онцлон тэмдэглэжээ. Харин Д.Трамп “Израиль болон Палестины хооронд энхийн гэрээ байгуулахад зуучлахад би бэлэн байна” гэжээ.
 
Д.Трамп өнөөдөр Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзана. Израиль-Палестины энхийн хэлэлцээ гурван жил гаруйн турш тасалдаад байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг