sonin.mn
ЛОНДОН./BBC/. 30 гаруй жилийн өмнө 10 фунтээр худалдаж авсан бөгж нь эзэндээ 350 000 фунт стерлингийн /456 000 доллар/ орлого авчирч магадгүй нь. “Сотбис” дуудлага худалдааны шинжээчид уг бөгжийг ийм өндөр үнэд хүрнэ гэж үзээд дуудлага худалдаанд оруулах гэж байгаа ажээ.
 
Нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй 26,27 каратын жинтэй уг алмаазыг 1980 оны дундуур Лондон хотын Хаунслоу дүүргийн Баруун Мидлсексийн эмнэлгийн дэргэд болсон задгай талбайн хямдралтай худалдаанаас худалдан авчээ.
 
Энэ цагаан чулуу нь XIX зууны үед өнгөлсөн алмааз гэдгийг худалдан авагч эмэгтэй мэдээгүй аж. “Тэр эмэгтэй зүгээр л гоёлын зүйл байна гээд худалдан авсан байсан. Хэн ч энэ бөгжийг ийм их үнэ цэнэтэй зүйл гэж төсөөлөөгүй. Тэр эмэгтэй хямдралтай худалдаанд нэг бус удаа очдог байсан, гэхдээ үнэт эдлэл, тэр дундаа алмаазыг хэзээ ч цуглуулж байгаагүй” гэж “Сотбис” дуудлага худалдааны компанийн гоёлын үнэт эдлэлийн шинжээч Жессика Уиндем ярьж байна.
 
Шинжээчийн ярьснаар, уг үнэт чулуу нь алмаазын адилаар гялалздаггүй болохоор нь хүмүүс түүнийг жинхэнэ алмааз биш гэж бодож байсан аж. Учир нь 19 дүгээр зууны үнэт чулууны өнгөлгөө нь болхи байсан болохоор тэр үед засч өнгөлсөн алмаазууд нь өвөрмөц байдлаар туяаран гялалздаггүй байжээ. 
 
"Хуучны аргаар өнгөлсөн алмааз нь орчин үеийн аргаар засч өнгөлсөн алмааз шиг гялалздаггүй. Тэр үеийн урчууд үнэт чулууны байгалийн хэлбэрийг нь засах гэж хичээдэг байсан, харин хурц тодоор гялалзуулах нь чухал биш, харин аль болохоор жингийг нь хүнд байлгах дээр илүү анхаардаг байсан” гэж шинжээч ярилаа.
 
Бөгжийн эзэн эмэгтэй энэ гоёлоо 30 гаруй жил зүүсэн ба уг алмааз ямар үнэ цэнэтэй эд болохыг үнэт эдлэлийн мэргэжилтэнд үзүүлснийхээ дараа л сая мэджээ. Мэргэжилтэн хэлэхдээ "энэ чулуу жинхэнэ алмааз, их үнэтэй эд байж магадгүй" гэсэн аж. Ийм байдлаар уг алмааз одоо “Сотбис”-ийн дуудлага худалдаанд орох гэж байна.
 
“Бид анх энэ бөгжийг хараад шуудхан л Америкийн Геммологийн хүрээлэн рүү шинжилгээ хийлгэхээр илгээсэн” гэж шинжээч Жессика Уиндем ярьжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг