sonin.mn
ТЕГЕРАН. /Reuters/. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Ойрхи Дорнодын талаар явуулж буй бодлоготой нь холбогдуулан АНУ-ыг шүүмжиллээ.
 
 Х.Роухани улиран сонгогдсоноос хойших анхны хэвлэлийн бага хурлаа өчигдөр хийжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт лалын шашинт улсуудын удирдагчдад хандан терроризмтой тэмцэхэд хамтран ажиллахыг уриалахын сацуу “Иран бол террористуудыг дэмжиж, санхүүжүүлж буй хамгийн том эх үүсвэр” гэж хэлсний дараа Х.Роухани хариу мэдэгдэл хийлээ.
 
Х.Роухани хэлэхдээ “АНУ Ойрхи Дорнодыг мэдэхгүй. Тус улс энэ бүс нутгийн асуудлуудын тухайд ямагт алдаа гаргасаар ирсэн” гэжээ.
 
Баллистик пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт Ираны эсрэг шинээр эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.
 
Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Иран улс хэний ч зөвшөөрөлгүйгээр баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлэх болно гэж Ерөнхийлөгч Х.Роухани хэлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг