sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллах үеэрээ баруун бүсийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уг уулзалтад баруун бүсийн Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан зэрэг зургаан аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл иржээ. Тэрээр энэ үеэр Баянхонгор аймаг, “Өнөөгийн Баянхонгор аймаг” сонины сэтгүүлч П.Санаадагвын асуултанд ийн хариулжээ.
 
Баянхонгор аймаг, “Өнөөгийн Баянхонгор аймаг” сонины сэтгүүлч П.Санаадагва: -Монгол Улсын ирээдүйн Еөрнхийлөгчийн зан чанар, шинж чанар нь ямархуу хүн байвал илүү тохиромжтой гэж та боддог вэ? Та улстөрд 27 жил зүтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил улиран ажиллаж байгаа. Энэ талаар хариулт авья гэж бодож байна.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгчийн алба гэдэг бол энэ суудал дээр Монголынхоо төлөө юм боддог хүнд юм бодогдуулдаг алба. Ямар хүнийг сайн улстөрч гэх вэ гэж надаас сэтгүүлчид асуудаг. Миний хариулдаг хариулт бол сайн улстөрч бол есөн шид нь бүрдсэн байх ёстой гэж би хэлдэг.
 
Нэг зүйл амлаад зөвхөн нэг үйл ажиллагаагаар тодордог биш, үнэхээр есөн шид нь бүрдсэн байх ёстой. Наад зах нь хэвлэлтэй яаж харьцах вэ, ард иргэд яаж харьцах вэ, улстөрийг яаж ойлгож, эдийн засаг, улс орон, бүс нутаг, гадаад орчин, олон улсын байдал гээд энэ бүхнийг ойлгож мэддэг орчин үеийнхээ чиг хандлагыг мэддэг. Дээрээс нь өөрийн гэсэн үнэлэмжтэй. Улс орон, ард түмэнд хамгийн их эрхэмлэвэл зохих юу байж болохыг мэддэг. Үнэт зүйл, баримталдаг зарчимтай, зөрчилдвөл шийдвэрээ ямар нэгэн хүчний нөлөөн дор гаргадаггүй, ийм хүн байх ёстой гэж би хувьдаа боддог.
 
Ер нь Монгол Улсад хүчтэй ухаалаг удирдагч хэрэгтэй орон юм. Хүчтэй удирдагч гэдгийн цаана би юу хэлж байна гэхээр ямар нэгэн сонирхолд бууж өгдөгггүй л байх ёстой. Их мөнгө хараад, эсвэл том хүч хараад, гадна дотнын юуг ч хараад өөрийнхөө зарчмаас ухардаггүй, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгаас ухардаггүй байх хэрэгтэй.
 
Ер нь ард иргэдийн нийтлэг эрх ашиг, физикийн хууль хоёр адилхан гэж би боддог. Нар бүх хүн дээр тусдагтай адил ард түмний нийтлэг эрх ашиг гэдэг бол тийм л зүйл. Түүнийг өмнөө тавьж чаддаг хүн байвал дээр юм даа гэж боддог юм. Дээрээс нь миний бас нэг боддог зүйл бол ухаалаг хүн байх ёстой. Ухаалаг гэдэг бол алдаа гаргаж болно. Хамгийн гол нь алдаанаасаа суралцдаг. Алдаанаасаа суралцаад хууль дүрмээ яаж өөрчлөх вэ гэж сургамж авдаг хүн л улс төрд  их хэрэгтэй юм. Дэлхийн улс орнуудын урагшлаад байгаа замыг харахад ер нь тийм улс орон урагшлаад байгаа юм. Мэдээж унаган хүмүүжил их чухал.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн босго гэдэг бол намхан босго биш. Өндөр босго. Хүн бүхэнд олдоод байдаг хувь заяа биш. Хүн бүр өөрийн гэсэн шалгууртай хандах байх гэж бодож байна