sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Виржиниа муж улсын 4 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан лалын хэд хэдэн орны иргэдэд АНУ-д орох виз олгохоос татгалзах тухай зарлигийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэрийг хүчинтэй хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Шүүх 5 дугаар сарын 8-нд Хууль зүйн яамнаас ирүүлсэн давж заалдах өргөдлийг хүлээж аваагүй байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг эрх зүйн чадамжтай эсэх талаар 10 гаруй шүүгчийн тайлбарыг нйитэлсэн ба эдгээр шүүгчид бараг бүгд адилхан бодолтой байжээ. 
 
Тэдний үзэж байгаагаар, хэрвээ Д.Трампын зарлигийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх юм бол лалын орнуудын иргэдэд “засч залруулахын аргагүй хохирол учруулах нь тодорхой” аж. Мөн шүүгчдийн коллег “ийм хориг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эрх ашгаас үүдэлтэй гэдэгт итгэлтэй биш” байгаа юм. Үүнээс гадна, дээр дурдсан орны иргэд АНУ-ын дээд шатны шүүхэд  хандан, Д.Трампын энэхүү зарлиг нь үндсэн хуульд харшилж буйг нотлох “магадлал өндөр” байгаа аж.
 
“Конгрессоос Ерөнхийлөгчид өргөн бүрэн эрх мэдлийг, түүний дотор гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхээс татгалзах эрхийг олгосон байдаг, гэхдээ эдгээр бүрэн эрх нь үнэмлэхүй эрх биш юм. Ерөнхийлөгч эрх мэдлээ хэрэгжүүлэх явцдаа хүмүүст засч залруулахын аргагүй хохирол учруулах явдлыг хяналтгүй орхиж болохгүй юм. Иймд дээр дурдсан ишлэл үндэслэлийг баримтлан бид дээрх зарлигийн үйлчлэлийг орон даяар түр зогсоох тухай тойргийн шүүхийн тогтоол зөв болохыг батлан нотолж байна” гэж давж заалдах шатны шүүхийн тогтоолд дурджээ.
 
Үүнээс өмнө холбооны шүүхүүд хоёр ч удаа Ерөнхийлөгч Д.Трампын гаргасан цагаачлалын талаар хатуу арга хэмжээ авах тухай зарлигт хориг тавьсан билээ. Лалын долоон орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д орохыг хориглосон зарлигийн талаарх ийм шийдвэрийг Вашингтон муж улсын Сиэтл хотын Холбооны шүүх гаргасан бол уг зарлигт өөрчлөлт /жагсаалтаас Иракийг хассан/ оруулсны дараа  Хавай муж улсын Хонолулу дахь Холбооны шүүх хориг тавьсан билээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг