sonin.mn
ТАОРМИНА. /ВВС/. “Их-7” бүлгийн удирдагчдын Дээд хэмжээний уулзалт өнөөдөр Италийн Сицили арлын өмнөд хэсэгт орших Таормина хотод болно.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америк нэгдүгээрт” бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед "Их-7"-гийн удирдагчид өөрсдийн эв нэгдлээ хэрхэн илэрхийлэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
“Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтад Германы Канцлер Ангела Меркель 12 дахь удаагаа, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зургаа дахь удаагаа оролцох гэж байгаа бол Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон уулзалтыг даргалагч Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони нар анх удаагаа оролцох гэж байна.
 
Их Британийн Манчестер хотод энэ долоо хоногийн даваа гарагт амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэн олон хүний аминд хүрсэнтэй холбогдуулан терроризмтой тэмцэх арга хэмжээг чангатгах асуудлыг удирдагчид хэлэлцэх төлөвтэй байна.
 
Тэд мөн Умард Солонгос болон Сирийн асуудлыг авч хэлэлцэх юм.
 
Үүнээс гадна Д.Трамп болон бусад орны удирдагчдын хувьд байр суурийн зөрүүтэй байгаа асуудлуудыг хэлэлцэж магадгүй.
 
Д.Трамп протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлогыг хөхиүлэн дэмжиж байгаа бол бусад улсын удирдагчид чөлөөт худалдааг илүүд үзэж байгаа юм.
 
Мөн АНУ-ын өмнөх засаг захиргааны үед хэрэгжүүлж байсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогод өөрчлөлт оруулахаар Д.Трамп төлөвлөж байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийг “зохиомол сэдэв” гэж үздэг юм. Хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд хоёрдугаарт ордог АНУ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс гарах эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ.
 
Дээд хэмжээний уулзалт дууссаны дараа удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргана.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг