sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улсын эдийн засгийн салбарт өнгөрсөн сард гарсан томоохон өөрчлөлтүүдийн талаар өнөөдр Монголбанк мэдээлэл хийв.
 
Монгол Улсын зах зээл дахь мөнгөний нийлүүлэлт 12.4 их наяд төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх сарын мөн үеэс 221 тэрбумаар өссөн үзүүлэлт аж. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 53 хувь нь төгрөгийн хадгаламж, 19 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байгаа аж.  Гадаад валютын хадгаламж сүүлийн саруудад тогтмол буурч байгаа бөгөөд энэ нь төгрөгийн валюттай харилцах ханш чангарч байгаатай холбоотой гэдгийг Монголбанкны Судалгаа статистикийн газрын Ахлах мэргэжилтэн А.Ананд хэллээ.
 
Тэрбээр, “Эдийн засаг дахь нийт зээлийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 28 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Нийт зээлийн 52 хувь нь иргэдийн, 42 хувь нь хувийн хэвшлийн зээл эзэлж байна. Үүнээс 7.9 хувийг хугацаа хэтэрсэн, 8.6 хувийг чанаргүй зээл байгаа юм. Мөн сард 945 иргэнд 56 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Ингэснээр ипотекийн үлдэгдэл 4.1 их наяд хүржээ. Ипотекийн нийт зээлийн 1.8 хувь нь чанаргүй, 2.3 хувь нь хугацаа хэтэрсэн байна.
 
Энэ оны нэгдүгээр улиралд төлбөрийн тэнцэл 164 сая ам.долларын алдагдалтай гарсан. Харин барааны худалдааны эргэлт 2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 523 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үүнд нефтийн импорт, 71 сая ам.доллар, хүнд даацын машин механизм, тоног төхөөрөсжийн импорт 78 сая ам.доллар, нүүрсний экспорт 440 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн” гэлээ.
 
Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 24.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гадаад өрийн 5.8 тэрбум ам.доллар нь Засгийн газар, 1.7 тэрбум ам.доллар нь Монголбанкны өр эзэлж байгаа юм. Харин банк болон бусад салбар нийт гадаад өрийн 70 хувийг бүрдүүлж байгаа аж.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-Монгол Улсын гадаад валютын нөөц хэдэн ам.доллартай тэнцэж байна вэ?
 
-Монгол Улсын гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь 3.2 сарын хэрэгцээг хангах нөөц юм. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд энэ оны эцэс гэхэд валютын нөөц 1.6 тэрбум, 2020 он гэхэд 4 тэрбум ам.долларт хүрэх юм.
 
-Иргэдэд нэг сард хэдэн төгрөгийн ипотекийн зээл олгож байна вэ?
 
-Сард дунджаар 25 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Ирэх жилээс Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Одоо Дэлхийн банкны зөвлөх болон Засгийн газартай хамтран судалгаа хийж байна.
 
-Энэ оны эхний дөрвөн сард эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өндөр гарсан. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
 
-2016 оны эцэст эдийн засгийн өсөлт нэг хувьтай гарсан. Энэ нь уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой. Энэ онд эдийн засгийн өсөлтийг -2.1 хувь гэж төсөөлж байсан. Уул уурхайн салбарын өсөллтэй холбогдуулан саяхан шинэчилсэн төсөөлөл гаргасан. Шинэ төсөөллөөр -0.2 хувь байна гэж үзэж байгаа юм. Энэ онд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадвал өсөлт төсөөллөөс илүү гарах магадлалтай.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг