sonin.mn
Хэдхэн сарын өмнө В.Путин: “Орос оронд эх оронч үзлээс өөр ямар ч нэгтгэх үзэл санаа байж болохгүй” гэж мэдэгдээд “эх оронч үзэл бол үндэстний үзэл санаа юм” гэж онцлон тэмдэглэв. Хятадад “Хятадын агуу их сэргэн мандалтыг” тунхаглаж, “хятад бахархал”-ыг үзэл суртлаа болгож байна. Мөн АНУ-д “ардчилал” хэмээх үндэсний үзэл суртлаа баримталсаар байна. 
 
“Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр нь бусад ард түмэн ургадаг өтөг шивх мөн” гэж Хаант Оросын төрийн зүтгэлтэн Петр Столыпин тун гайхалтай онож хэлсэн байдаг
Үндэсний стратегийн эх загвар (матриц) 
Уг нь цэргийн онолд анх гарсан “эд” боловч эдүгээ аль ч төрийн бодлогод ихээхэн хэрэглэдэг болсон болохоор би сануулж байгаа ухаантай юм.
Үндэсний стратегийн эх загвар (матриц) гэдэг бол үндэстэн өөрөө болон түүний түүхэн менталь шинж, түүнчлэн үндэстний түүхэн хөгжих газар (Л.Н.Гумилевын онолоор) болох “амьдралын орон зай”, үндэстний ареал хэмээх суурьшлын эзэмшил, уг үндэстний хянаж буй орон зайг хэлдэг юм. 
Ингээд үндэстний стратегийн матрицад дараах байнгын хүчин зүйл ордог юм. Үүнд:
1. Голлох буюу уугуул үндэстний чанар болон хүчин чадал
2. Үндэстний эрхэмлэл болон үндэстний соёлын хүчин чадал
3.Үндэстний олонхоос “нэр төртэй хийгээд зөв” хэмээн үзэж буй үндэстний амьдралын хэв маяг (аж төрөх ёс)
4. Түүхэн ёсоор хүрсэн буюу олж авсан орон зай
5. Нөөцийн (ресурс), шинжлэх ухааны болон технологийн чадавхи
6. Үндэстний цэргийн чадавхи
7. Удирдлагын нэн тодорхой “үзэл санаа” бүхий ажиллах чадвартай үндэсний удирдлага, өөрөөр хэлбэл хөгжил болон аюулгүй байдлын үндэсний стратеги зэрэг болно.
 
Энд дурдсан бүхэн өөрөө бие даасан том систем бөгөөд эдгээрийг суурь судалгаанд үндэслэн, маш олон хувилбараар тооцоолж гаргадаг бөгөөд хамгийн эхэнд ард түмэн нь ойлгож байж л алив үндэстэн дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, өөрийн гэсэн түүх, соёлын объект болон субъектын үүргээ биелүүлж байж үндэстэн гээч болдог юм.Эдгээрийн аль нэг нь алга байвал “үндэсний хөгжил”, “үндэсний аюулгүй байдал”-ын тухай ярих ч боломжгүй. Манайд байдал ямар байна ? Новшийн, үнэхээр хөгийн байгаа. Үүнийг хийх гэж оролдсон хүнийг үндэсний үзэлтэн гэж олон жилээр хавчин хяхаж байгааг би гэрчилнэ. Хэдий ийм боловч бид Монголын үндэсний үзлийн цогц систем бүтээхийг чармайн хичээх ёстой.
 
Үндэстний үзлийн суурь ойлголтууд 
 
Манайхан үндэстнийг нэн эртний, бүр маш эртний ойлголт гэж үздэг нь туйлын буруу юм. Үндэстэн бол феодал хамжлагын харилцаа нурж, хүн төрөлхтөн аж үйлдвэрийн хувьсгал хийж эхэлсэн тэр үед анх бүрэлдэж бий болсон харьцангуй саяхан үүссэн шинэ ойлголт юм.
Яг одооны тодорхойлолт нь бол: Үндэстэн бол аж үйлдвэрийн эрин үед үүссэн нийгэм-эдийн засаг, соёл-улс төр, оюун санааны нийтлэг мөн. 
Харин үндэстнийг үзэх хоёр янзын хандлага буй. Нэгдэх нь үндэстэн бол тодорхой улсын иргэдийн улс төрийн нэгдэл мөн, хоёрдахь нь нэг хэл хийгээд нэг ижил өөрийн ухамсар бүхий угсаатны нийтлэгийн хэлбэр гэх хандлага. Энэхүү хоёрдахь хандлагаас үндэстэн бол нэг буюу хамтран амьдарч буй хэд хэдэн угсаатны нийтлэгийн хэлбэр мөн гэж дүгнэж болно. Мөн олон улсын эрх зүйд үндэстэн гэдэг нь “үндэстэн-улс” гэх тулгуур ойлголттой дүйдэг.
Харин бидний хэрэглэдэг “монгол” гэдгээс бусад элдэв нэршил бол “угсаатан” гэсэн ойлголтын системд хамаарна. Энд үндэстэн болон угсаатан гэсэн хоёр тулгуур ойлголт гарч ирж байна.
 
Ямар ч гэсэн Баруун Европын үндэстнүүд Шинэ үеийн эхэнд буюу XYII зуунд, бусад бүс нутаг буюу Дорнод Европт XIX зуунд, Ази болон Африкт ХХ зуунд бүрэлдэн бий болсон нь хөдөлшгүй баримт юм. Монголын олон сэхээтэн үндэстэн болон үндэсний үзлийн талаар ямар ч ойлголт төсөөлөл байхгүй бөгөөд тэд үндэсний үзэл зөв, үндсэрхэх үзэл буруу, иймээс би үндэсний үзлийг дэмжиж, үндсэрхэх үзлийг үзэн яддаг гэж хуцацгаадаг. Олонхи тохиолдолд энэ хоёрыгоо хольж хутган будилах явдал байдаг нь юу ч мэдэхгүй байж сургаар цуурдаг монгол сэхээтний бэртэгчин, утгагүй зан юм.
Үнэндээ монгол сэхээтний ядмаг тархинд нэвт шингэсэн энэхүү үндэстний тухай тодорхойлолт нь 1914 онд И.В.Сталины бичсэн “Марксизм ба үндэстний асуудал” хэмээх товхимлын дүгнэлтүүд юм.
 
Бүхэл бүтэн 100 жилийн дотор монгол сэхээтнүүд оюун сэтгэлгээний ямар ч ахиц гаргаагүй байгааг харахад нүд хальтирам. Манайхан шинжлэх ухааны нээлт хийдэггүй юмаа гэхэд түүний хүрсэн түвшингөөс хоцорч үлдмээргүй байна. Үндэсний асуудлаар наад зах нь английн онолч Эрик Хобсбаум-ын “1870 оноос хойшхи үндэстэн ба үндэсний үзэл” (1990) хэмээх алдарт номыг уншиж мэдсэн байх ёстой. Энэ талаар тодорхой үзэж болно: Энэ тухай “Үндэсний үзлийн систем бүтээх тухай” өгүүллээс үзнэ үү: https://ganaa.mn/2016/03/10/iqwguysgblsubydyd/
ХХ зууны 40-өөд он болтол Монголд “үндэстэн” гэсэн ойлголт байгаагүй нь хачирхалтай боловч баримт юм. Тэгвэл монгол үндэстэн гэж байгаагүй хэрэг үү? гэсэн асуулт гарна.
 
1911, 1921 оны үеийн баримт бичгүүдэд “язгуур үндэс” болон “шашин үндэс”, “уг үндэс”, “ах дүү монголчууд” гэсэн нэр үг, нэр томъёо хамгийн их гардаг. Эдгээр нь Монгол гэсэн бүх юмыг нэгтгэн илэрхийлсэн үг юм. Өнгөц харахад “язгуур үндэс” нь тодорхойгүй, хэт ерөнхий мэт санагдана. Гэхдээ XIX-ХХ зууны зааг үеийн ямар ч монгол хүн энэ үгийн мөн чанарыг ямар ч тайлбаргүй ойлгодог, мэддэг, мэдэрдэг байсанд эргэлзэх зүйлгүй.
ХIХ-XX зууны заагт Манжийн шинэ засгийн бодлогыг “үндсийг таслах, шашныг сөнөөх” гэж баримт бичгүүдэд нэгэн дуугаар нэрлэдэг. Энэ бол аюул заналыг илэрхийлсэн хэрэг юм.
 
Мөн 1921 онд МАН-ын ТХ-оос гаргасан Тунхаг бичигт: “…хэд хэдэн зуун оны урьд манай Монгол улс харгис хятадын саварт базагдаж, элдэв зүйлийн гашуун зовлон эдэлсэн ба эцэг өвгөдөөс уламжлан ирсэн бурхан шашин, язгуур үндэс, зан суртал юугаан дарлагдсан төдийгүй, мах цусыг элдвээр идэгдэн шимэгдэж үлсэн Монгол ах дүү нар бүгдээр сонсогтун…” гэж байжээ. Ийм баримт бичиг асар олон бий.
Монгол үндэстэн ердөө л саяхан буюу ХХ зууны туршид төлөвшин бүрэлдэж бий болсон юм. Өөрөөр хэлбэл угсаатнаас үндэстэн болон бүрэлдэж хөгжсөн болно. 
 
Мөнхийн зөрчил
 
Дэлхийн аль ч үндэстэн мөнхийн зөрчил дунд оршиж, тэдгээрээс сонголт хийж амьдардаг. Ийм зөрчил “үй түм” буй. Эдгээрээс гол, том, байнгын, мөнхийн шинжтэйг нь ялган үзвэл тийм ч олон биш. Энэ нь үлгэрлэвэл дараах хос категори байдалтай байж болно:
 
1. Хамтач ёс – Аминч үзэл
2. Эх оронч үзэл – Интернационализм (космополитизм)
3. Шударга ёс – Хууль сахих ёс
4. Нийгмийн өмнө гавъяа байгуулах – Мөнгөтэй байх
5. Улс нийгмийн эрх ашиг – Хүний эрх ашиг
6. Эдийн засгийн хангалттай байдал – Даяаршил
 
Гэхдээ аль ч үндэстэн эдгээр хос категори дундаас түүхэн цаг үе, өөрийн ахуй байдал, зан заншилд тохирох “алтан тэнцвэрийг” олж хөгждөг. Энэ нь их хэцүү. Бүр маш их хэцүү…Дэлхийн бүх улс үндэстэнд энэ бүх асуудал “зовлон” болох бөгөөд “зөв” шийдлийг олох гэж улс гүрнүүд оршин байдаг. Үүний тулд хамаг оюун ухаан, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Мөн цорын ганц “зөв”, “мөнхийн” шийдвэр бас байхгүй. “Зөв” шийдвэрүүд цаг үеийн дуудлагад “зөв” хариу өгөхгүй бол маш амархан “буруу” болно. Хэцүү нь чухам ийм мөнхийн байдагтаа оршино. “Үндэсний үзлийн суурь ойлголтуудын тухай” өгүүллийг үзнэ үү: https://ganaa.mn/2015/11/24/ugksygyastst/
 
Энгийн ойлголтыг хүндрүүлэх нь
Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээр манайд “үндэстний асуудал” хурцдаж байна. Гэхдээ дэндүү гажиг хэлбэртэй балайрлын хэмжээнд хүрээд байна. Сүүлдээ уриа лоозонг хүртэл “онолын хувьд” буруутган шүүмжлэх болов. Ялангуяа үндэсний үзэл санааг “онолын” шинжтэй маргаан болгож дэвэргэж байгаа нь хийрхлээс өөр зүйл биш юм.
 
Дэлхийн аль ч улсын сонгууль үндэстний асуудлыг шийдэх ёстой учраас үндэстний асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Гэтэл энэ гол асуудлаа бид ярихгүй байна. 
Х.Баттулгын “Монгол ялна” гэсэн урианд ч, М.Энхболдын “Эвтэй Монгол” урианд ч буруу зөрүү зүйл байхгүй хэдий ч манайхан эсрэг тэсрэг хоёр дүгнэлт хийж байна:
1. М.Энхболд нь “эвтэй” байх гэсэн чинь Х.Баттулга нь “эвгүй” байхаар үл барам “ялна” гэж зүтгээд байна.
2. Х.Баттулга нь “Монгол ялна” гэсэн чинь М.Энхболд нь “ялагдая”, зүгээр л “эвтэй байя” гэж зүтгээд байна.
Тэгвэл өөрийгөө хорлох гэж зориудаар шал тэнэг уриа сонгож олдог улс төрч байдаг юм уу ? Ийм улс төрч дэлхийд ч байхгүй, Монголд ч байхгүй. Энгийн, мэдээж юмыг хүндрүүлж, хоосон хэрүүл хийх хэрэг юунд байгаам ?!
 
М.Энхболдын уриа буруу зүйл биш гэдгийг дээр хэлсэн. Гэвч энэ уриаг Н.Энхбаяр “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй”, мөн Ц.Элбэгдорж мөн адил агуулгаар олон жилийн өмнөөс хэлсээр ирсэн. Гэвч “эвтэй” болох нь байтугай “оймс гозойлгох”, шоронд хийх, байнга дайсагнах, дайтах болтлоо “хөгжүүлж”, улс орноо хямрал сүйрэл, дампуурлын ирмэг дээр авчирсныг хүн бүхэн мэднэ. Хэрэв М.Энхболд үнэхээр “эвтэй байя” гэвэл түүнийгээ хангах бодлого, арга замаа, мөн эвийг эвдэгч МАНАН-г хэрхэн өөрчлөх тухайгаа ярих ёстой.
 
Мөн Х.Баттулгын “Монгол ялна” гэх уриа бас л буруу зүйл бишийг дээр хэлсэн. Хэрэв Х.Баттулга үнэхээр “ялна” гэж бодож байгаа бол үндэсний үзэл санаагаа сэргээн тогтоох, эдийн засгаа бие даалган хөгжүүлэх бодлого, арга замаа ярих ёстой.
Үүнийг харин нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөр, өөрийнх нь ярианаас үзэж мэддэг болохоос уриа лоозон шинжилж, маргаад юу ч олохгүй.
Эвтэй байхын анхдагч нөхцөл нь нам, төрийн хулгай дээрмийг зогсоох ёстой. Энэ бол М.Энхболдын хийх ажил.
Ялалт байгуулахын анхдагч нөхцөл нь хүчээ “эвлүүлэн” зөв зохион байгуулах ёстой. Энэ бол Х.Баттулгын хийх ажил.
Эдүгээ Монголчуудын өмнө эсвэл МАНАН-г үргэлжлүүлэн залгамжлах, эсвэл түүнийг эвдэн нураах гэсэн хөгжлийн хоёрхон сонголт л байгаа гэдгийг мөн ч олон удаа хэлж байна даа…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?