Москва /МОНЦАМЭ/ "Роснефть" компани зүүн Арктикийн Лаптевийн тэнгисийн Хатангскийн буланд хийсэн “Центральная-Ольгинская-1” өрөмдлөгийн үеэр газрын тосны томоохон орд илрүүлжээ.
 
Өнгөрөгч 4 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  "Роснефть" компанид Лаптевийн тэнгист “Центральная-Ольгинская-1” өрөмдлөг хийх зөвшөөрөл олгосон бөгөөд хайгуулын эхний үр дүн гараад буй нь энэ юм.
 
“Зөвхөн Лаптевийн тэнгис л гэхэд 9.5 тэрбум тонн газрын тосны нөөцтэй.  Энэ нь 2050 он гэхэд арктикт хийх газрын тосны олборлолт ОХУ-ын нийт олборлолтын 20-30 хувийг эзэлнэ гэсэн үг” хэмээн “Роснефть” компанийн захирал Игорь Сечин мэдэгдсэн юм.
 
"Роснефть” компани 2305 -2363 метрийн гүнд анхан шатны хайгуул хийсэн бөгөөд шинэ ордын нөөцийн чадавхи цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Газрын тосны олборлолтоороо ОХУ-д тэргүүлдэг "Роснефть” компани Арктикийн хойгт 34 тэрбум тонн нефтийн нөөцтэй 28 лиценз эзэмшдэг юм.
 
2012 оноос хойш "Роснефть" Арктик орчмын хайгуул, хөгжилд  100 орчим тэрбум рубль зарцуулсан бөгөөд 2017-2021 онд хөрөнгө оруулалтын хэмжээг 250 тэрбум рубль хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
 
 
 Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг