sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониротинг, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийгдэж буй мониторингийн үйл явцыг өнөөдөр Нээлттэй нийгэм форумд танилцууллаа. 
 
Мониторингийн дүнг Бодлогот залуусын хяналт, Захиргааны шинэ санаачлага ТББ-ын захирал Ц.Мандхайхатан, Глоб Интернэшнл төвийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Онон, МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал нар танилцуулав. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний гишүүн дээрх гурван байгууллага телевизийн болон автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явц, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдалд хяналт, шинжилгээ мониторинг хийж байгаа аж.
 
Телевизүүдийн сөрөг өнгө аястай мэдээлэл нэмэгдэж байна
 
Глоб Интернэшнл төвөөс Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж, Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм. Телевизийн мониторингид Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ийн 2016 оны судалгаанд суурилж МҮОНТ, ТВ9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн таван телевизийг сонгон хамруулжээ. 
Тус судалгааны дүнд телевизүүдийн сөрөг өнгө аястай мэдээлэл нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Тайлангийн хугацаанд таван телевизийн 359 цаг 38 минут 17 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 24 цаг 56 минут 40 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байсан аж. Энэ нь нийт эфирийн долоон хувийг эзэлж байна. Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч, сөрөг хандлагатай нэмэгдсээр байгаа бөгөөд таван телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө  аястай мэдээлэл 67 хувиар давамгайлсан байна. МҮОНТ-ийн мэдээллийн 68 хувь нь эерэг хандлагатай байсан бол “UBS” телевизийн мэдээллийн 93 хувь нь магтаж сайшааасан өнгө аястай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин “C1” телевизийн  сөрөг өнгө аястай мэдээлэл хоёр дахин нэмэгдэж 50 хувьд хүрсэн аж.
 
 
Мөн МҮОНТ нэр дэвшигчдэд ялгавартай цаг хуваарилсан гэж дүгнэжээ. Тодруулбал АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой мэдээлэлд 40 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой мэдээлэлд 33 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой холбоотой мэдээлэлд 27 хувьтай тэнцэх цаг оногдсон байна гэж судалгаанд дурджээ.  
Арилжааны телевизүүдэд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийн цаг буурсан бол МҮОНТ-д шинээр илэрч 6 хувьд хүрсэн гэв. Мөн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл арилжааны телевизүүдэд нэмэгдсэн бол МҮОНТ-ийнх буурч 23 хувьд хүрчээ. 
Харин дээрх таван телевизэд Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол илрээгүй байна.
 
Автоматжуулсан системд алдаа гараагүй
 
МИДАС ТББ-аас Автоматжуулсан системийн хөндлөнгийн мониторинг хийхдээ илүү тэмдэглэгээтэй саналын хуудсыг төхөөрөмж уншихгүй болсон програмын нэмэгдэл өөрчлөлттэй уялдуулан тестийн тавил боловсрууулсан бөгөөд логик, нягт нямбай байдлын тест хийсэн байна. Энэхүү тестийн дүн нь хүлээгдэж байсан үр дүнтэйгээ тохирсон аж. Мөн төхөөрөмжийг зөвхөн зайнд залгаж ажиллуулах, машины цаг хугацааг өөрчилж уншуулах, хэвлэсэн билл дээрх мэдээллийн ойлгомжтой байдлыг шалгах, үр дүнгийн билл хэвлэсний дараа модем холбож үр дүнг дамжуулах, хоёр CF буюу компакт дискенд мэдээллүүдийг хооронд нь жиших, CF дискнээс зурган файлыг СД рүү бичих зэрэг туршилтыг хийж шалгахад алдаа илрээгүй байна.
 
Санхүүжилт, зарцуулалтаа ил тод мэдээлээгүй байна
 
Бодлогот залуусын хяналт, Захиргааны шинэ санаачлага ТББ-аас хийсэн санхүүжилтийн ил тод байдлын хяналтад “Улс төрийн нам, нэр дэвшигчид санхүүжилт, зарцуулалтаа ил тод мэдээлээгүй” гэсэн дүгнэлт гарсан байна. Сонгуулийн Ерөнхий хороонд зөвхөн нэр дэвшигчдийн зардлын данс бүртгэгдсэн бөгөөд намууд зардлын дансны талаар ямар нэг мэдээлэл бүртгүүлээгүй тайлагнаагүй аж.
 
 
 
НЭР ДЭВШИГЧДИЙН ХУВЬД, ЗӨВХӨН НЭГ УДААГИЙН ЗУРАГТ ХУУДАС, СЭТГҮҮЛИЙН ХЭВЛЭЛИЙН ЗАРДАЛД ДУНДЖААР 3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БАЙНА. МӨН СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН 9 ХОНОГТ ДЭЭРХ СУДАЛГААНД ХАМРАГДСАН ТВ9, UBS, C1 ТВ 25 ДУГААР СУВАГ ТЕЛЕВИЗЭЭР ДАМЖСАН СУРТАЛЧИЛГААНД ДУНДЖААР 1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ.
 
Энэ бүх зардлыг нэр дэвшигч Төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгөх тайландаа тодорхой тусгах ёстой гэж дээрх ТББ-аас сануулж байв.
 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 Эх сурвалж: Монцамэ агентлаг