sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба /Росреестр/-ны дэд дарга Мирошниченко Сергей Георгиевич, Кадастрын бүртгэлийн шинжилгээ, арга зүйн дэмжлэгийн газрын дэд дарга Куницына Юлия Валерьевна нар Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Монгол Улсын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд бусад орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь чухал юм. Энэ ч үүднээс Монгол Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргахаар тус улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буй юм. Түүнчлэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бүртгэлийн мэдээлэл технологи, программ хангамжийг сайжруулах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэх чиглэлээр ОХУ-тай туршлага солилцохоор төлөвлөж байгаа юм.
 
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа, улсын үл хөдлөх хөрөнгийн кадастрыг хөтлөх төрийн үйлчилгээг эрхлэн явуулдаг томоохон байгууллага юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг