sonin.mn
АСТАНА./TASS/. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев олон улсын төлбөр тооцооны нэгж шинээр бий болгох асуудлыг авч хэлэлцэхийг уриалжээ.
 
“Олон улсын төлбөр тооцооны нэгжтэй болох асуудлыг нухацтай авч хэлэлцэх цаг аль хэдийн болжээ. Энэ нь валютын дайн, дамлалт луйвар болон худалдааны харилцаанд гацаа тээг үүсэхээс сэргийлж, зах зээлийн тогтворгүй байдлыг засч залруулах боломжийг олгох юм” гэж Н.Назарбаев Астанагийн эдийн засгийн чуулга уулзалтын бүгд хуралдаанд оролцохдоо хэллээ.
 
Санал болгож буй валют нь энгийн, эмиссийн хөрвөх чадвартай байх ёстой. “Тоон систем нэвтэрч, блокчейн технологи хөгжиж байгаатай холбоотойгоор ийм тооцооны нэгжийг цахим валют хэлбэрээр бий болгох боломжтой. Гол нь цахим валют нь хоосон итгэл дээр бус харин тодорхой актив хөрөнгөөр баталгаажсан байх нь чухал” гэж Казахстаны төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
 
Түүний хэлснээр, ийм валют нь ардчилсан байх ёстой, бүх дэлхийн хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой аж. “Тухайлбал, дэлхийн валютыг НҮБ-ын тусгай хорооны дэргэд төв банкуудын нэгдсэн сан байгуулах замаар бий болгох боломжтой. Түүний үйл ажиллагаанд бүх орны төлөөлөл шударга, тэгш эрхтэй байдлаар оролцох ёстой” гэж Н.Назарбаев тодруулан дурдлаа.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг