sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Хоёр дахь шатны санал хураалтыг хилийн чанадад ирэх сарын 4-нд, дотооддоо ирэх сарын 9-нд зохион байгуулахаар шийдвэрлэв.
 
Ирц 68.27 хувьтай гарсан сонгуулийг
хүчинтэй гэж үзэв
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ үеэр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүн гарсантай холбогдуулж СЕХ сая хуралдаж гурван тогтоол гаргалаа. Нэгдүгээр тогтоол нь сонгогчдын ирцтэй холбоотой байв. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 нь санал өгч, ирц 68.27 хувьтай байв. Ингээд нийт иргэдийн 68,27 хувь нь саналаа өгсөн тул энэ удаагийн сонгуулийг хүчинтэй гэж үзлээ. Өмнө нь 1.978.298 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хэмээн мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл энэ тоон дээр гадаадад санал өгсөн монгол иргэдийн тоо нэмэгдээд ийм тоо гарч байгаа юм. Санал авах өдрүүдэд 27 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсийн тоо хасагдана. Мөн "Түр хасав" тэмдэглэгээтэй 44 мянган иргэнээс 3388 сонгогч хэсэг дээрээ саналаа ирж өгчээ. 
 
 
Хоёрдугаарт, нэрд дэвшигчийн авсан санал, сонгуулийн дүнтэй холбоотой тогтоол гаргалаа. Өчигдөр санал хураалт болсноос хойш СЕХ-ны төв сервэрт хэсгийн хороодоос дүн мэдээ ирсэн. Энэ үйл явц нэлээн удааширсан нь Говь-Алтай аймгийн Цогт суман дахь 428 дугаар хэсгийн сүлжээг тасалснаас тус хэсэг мэдээгээ илгээж чадахгүйд хүрсэн. Яаралтай арга хэмжээ авсны дүнд 9:10 минутад мэдээгээ авлаа. Уг ажиллагааг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байна. 
 
 Хэн нь ч олонхийн санал аваагүй тул 
Хоёр дахь шатны санал хураалт явуулна
 
Санал хураалтын эцсийн дүнгээр бол, МАН-аас нэр дэвшигч М. Энхболд 411748 санал буюу 30.32 хувийн санал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувийн санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авчээ. СЕХ-ны хуралдаанаар дээрх дүнг хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул Хоёр дахь шатны санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Хоёр дахь шатны санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч болох Х.Баттулга , М.Энхболд нар өрсөлдөнө. Үүнтэй холбоотой бэлтгэл ажилд СЕХ албан ёсоор эхлүүлж байна" хэмээв.
 
 
 
Дашрамд дурдахад, Монгол Улсын тав дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өчигдөр орон даяар болж өнгөрсөн ч гурван нэр дэвшигчийн хэн нь олонхийн санал аваагүй тул Хоёр дахь шатны сонгууль явуулахаар болж байна. Хоёр дахь шатны сонгуульд мөн ирц болон хувь 50-аас дээш хувийн үзүүлэлт үзүүлэх ёстой. Хэрэв энэхүү босгыг давахгүй бол манай улс Дахин сонгууль зохион байгуулах юм. 
 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг