sonin.mn
2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал авч МАН аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар нар удаалж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50 % ийн босго даваагүй учраас 2 дахь санал хураалт 2017 оны 7 сарын 9 нд явагдахаар товлогдов. Хүн болгон ѳѳрийн санаа бодол, таамаглалаа илэрхийлж байгаа болохоор би ч бас ѳѳрийн санаа бодлоо хуваалцья.
 
*МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар санаанд оромгүйгээр олон санал авсан нь нэр дэвшигчийн мундаг сайных гэхээсээ олон нийт МАН, АН уудын олон жилийн хууран мэхлэлт, эрх барьж байхдаа ашигладаг хуулийн хүчирхийлэл, худал амлалт, эрээ цээрээгүй бүдүүлэг хандлага, эрх мэдэлдээ бардсан сагсуу онгиргон үйлдлүүдээс залхаж байгаагийн илэрхийлэл гэж надад бодогдож байна. Энэ бол улстѳрийн гүравдагч хүчний орон зай мѳн.
 
*МАН ч, АН ч  залуусыг удирдлагадаа гаргаж , шинэчлэл хийхгүй бол 27 жил Монголын улстѳрд дархлагдсан хѳгшчүүдээс олон нийт залхжээ. Хэрэв тэдэнд жаахан ч атугай эх орноо хѳгжүүлэх чин сэтгэл, хүвиа бодсон арчаагүй байдлаасаа татгалзах мѳн чанар, шуналаа хязгаарлах ухамсар байсан бол, ѳнѳѳгийн бидний ил тод харж бухимдаад байгаа Монголын улстѳрийн ялзарсан тогтолцоо үүсэхгүй байлаа.
 
*Монголын улстѳрийн ѳнѳѳгийн ялзарсан тогтолцоо үй олон зусардагсад, талцагсад, аймхай болгоомжлогсод, үзэл санаа итгэл үнэмшлээ мѳнгѳѳр худалдагсадын бүхэл бүтэн үеийг бий болгожээ. Тийм болоод тэд ил тод, улаан цагаан лүйвар хийж чадаж байна.  Бид ч тэд ч бидний эрүүл саруул харилцааг зохицуулж чадах шударга хуулийн талаар анхаарахгүй байна. Сэтгэл хѳдлѳлѳѳр, дур зоргоороо хашгирсанаар бид зѳв шийдэлд хурэхгүйгээр барахгүй оюун сэтгэлгээгээ ч ямагт “хүчирхийлүүлсээр” байх болно.
 
*Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд ч, ѳѳр хоорондоо маргалдаж буй хэрүүлд ч, мэдээллийн сүлжээний мэдээнуудэд ч  статистик үзүүлэлт, баримттай нотолгоо огтоос яригдахгүй байгаа нь бидний боловсролын хэм хэмжээ, боловсролд хандаж буй үнэлэмжийн хязгаар мѳн. Боловсрол гэдгийг “дипломын хуудас” гэж тооцдогоос, хувь хүний тѳлѳвшил, хѳгжил, ѳѳрийгѳѳ үнэлэх үнэлэмж гэж үнэлэхгүй байгаа нь бидний гашуун зовлон. Нэр дэвшигчдийн хэн нь ч мэдлэгийн цар хүрээ, биеэ авч явах соёл, ѳѳрийгѳѳ илэрхийлэх чадвар, илтгэх ур чадварын хувьд гологдож байлаа. Тэд ѳѳрсдийгѳѳ Монгол Улсын Ерѳнхийлэгчид бэлтгээгүй байна.
 
*Монголчууд бид хэт улстѳрсѳг, хийрхүү онгиргон байнаа. Ихэнх хүмүүс ажил амьдралдаа, ѳѳрийн хѳгжилдѳѳ анхаарахаас илүүтэйгээр сошиал ертѳнцѳд  хонон ѳнжин шүүмжилж, хашгирахыг хүсч байна. Улс орон даяараа ажлаа хийхгүйгээр зѳвхѳн сонгуулиар амьсгалж, сонгуулийн хѳѳрлѳѳр амьдарч, яг цагаа тулахаар иргэний үүргээ ч биелүүлэхгүй байгаа нь харамсалтай үзэгдэл. Улстѳрѳѳс хамааралгүйгээр хийж бүтээх, улстѳрѳѳс хамааралгүйгээр санаа тавих, улстѳрѳѳс хамааралгүйгээр амьдрах үй олон боломжууд байна. Ѳѳрийгѳѳ хѳгжүүлэхгүйгээр, ажил хийхгүйгээр, бүтээхгүйгээр яаж улсаа хѳгжүүлж, сайхан амьдрах билээ. Улстѳр жижиг, амьдрал тань том шүү дээ.
 
…Бидэнд юу хэрэгтэй байна гээч! Улстѳр хийгээд иргэдийн харилцааг шударгаар зохицуулах маш сайн хууль, түүнийг хэрэгжүүлэх зѳв тогтолцоо, хариуцлага хүлээх болон хүлээлгэх шударга зарчим хэрэгтэй байна. Ядаж л Монгол Улсын Ерѳнхийлэгчийн эрх мэдэлд тѳвлѳрсѳн Шүүх, Прокурор, АТГ уудыг салгах хэрэгтэй байна. Эс тэгвэл “Нохойд барьдаг мод” мэт , бие биенээсээ “ѳшѳѳ авах”, “айлган сүрдүүлэх” эрх мэдэл нь улстѳрчдийг ч, энгийн иргэдийг ч айлгаад байна. Үүний тѳлѳѳ л их шунал, их зусардалт ѳрнѳѳд байгаа юм шүү дээ.  Асуудлыг жижиглэн салгаж биш, бүхэлд нь харцгаая л даа.
 
                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах