sonin.mn
БРЮССЕЛЬ. /ВВС/. Европын олон улс орны засгийн газрууд болон компаниуд мягмар гарагт томоохон кибер халдлагад өртлөө гэж Европын Холбооны цагдаагийн байгууллага /Европол/ мэдэгдлээ.
 
Европолын мэдэгдсэнээр, хакерчид компьютерыг түгжин, түүн дэх мэдээллийг нь авах боломжгүй болгодог вирус тараажээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс хакерчдад барьцааны мөнгө өгөхөөс нааш хүмүүс компьютер дахь мэдээллээ авах боломжгүй болоод байна.
 
Энэ вирусийг мөн АНУ-д тараажээ. Европолын холбогдох албаны хүмүүс энэ кибер халдлагын талаарх мэдээллийг цуглуулж, судалж байна. Тэд компьютер хэрэглэгчдэд кибер халдлагад өртөхөөс болгоомжлохыг анхааруулж байна.
 
Украины ДХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын засгийн газрын харьяа байгууллагууд, харилцаа холбоо болон банк санхүүгийн байгууллага кибер халдлагад өртжээ. Нийслэл Киев хотод супермаркетуудад "Виза" картаар төлбөр тооцоо хийх боломжгүй болсон тухай тус яам мөн мэдэгдэв.
 
 
 
Цөмийн гамшигт өртсөн Чернобылийн бүс дэх цацраг идэвхт бодисын хэмжээг хянадаг систем мөн кибер халдлагад өртсөн бөгөөд холбогдох албаны хүмүүс цацраг идэвхт бодисын хэмжээг гар аргаар шалгахаас өөр аргагүйд хүрээд байна гэж Украины эх сурвалжууд мэдээллээ.
 
Энэ оны тавдугаар сарын 12-нд  дэлхийн 150 орны 200 мянга гаруй компьютер, тэдгээрийн дотор улс орнуудын засгийн газар, эмнэлэг болон хувийн компаниудын системүүд "WannaCry” кибер халдлагад өртсөн билээ. Халдлагын улмаас Их Британийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдож, Францын авто машин үйлдвэрлэгч компани үйлдвэрлэлээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрч байв.
 
Тавдугаар сарын кибер халдлагын ард Умард Солонгосын хакерчид байж магадгүй гэж судлаачид анх таамаглаж байсан боловч хожим нь “Хятад улс уг халдлагатай холбоотой байх магадлал өндөр байна” гэж мэдэгдсэн юм.  Учир нь уг вирусийг тарааж, "заасан хугацаанд мөнгө шилжүүлэхгүй бол компьютер дээрх мэдээллийг устгах болно" гэсэн анхааруулгыг хятад хэлээр төгс ярьдаг хүн бичсэн болохыг тогтоосон гэж “Flashpoint” байгууллагын судлаачид мэдэгдэж байлаа. Харин барьцааны мөнгө нэхсэн анхааруулгыг солонгосоор маш муу орчуулсан байжээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг