sonin.mn
ПАРИС./TASS/. Францын Ерөнхийлөгч Э.Макрон мягмар гарагт Д.Трамптай утсаар ярьжээ. Энэ үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийг 7 дугаар сарын 14-нд болох Францын үндэсний баярын үеэр Парис хотод хүрэлцэн ирэхийг урьсан тухай AFP агентлаг Елисейн ордны эх сурвалжийг иш татан мэдээллээ.
 
Д.Трампыг эхнэрийнхээ хамтаар 7 дугаар сарын 14-нд болох цэргийн парадыг ирж үзэхийг урьсан гэдгээ Францын Ерөнхийлөгч баталсан байна. Энэ оны хувьд уг парадыг “Дэлхийн I дайны үед АНУ-ын зүгээс Францын армид дэмжлэг үзүүлэн, байлдааны ажиллагаанд оролцсоны 100 жилийн ойд зориулан явуулна" гэдгийг Э.Макрон онцлон дурджээ.
 
Францын Ерөнхийлөгч жил бүр баярын парад хүлээн авдаг хүндэт зочдын индэрт хоёр орны Ерөнхийлөгч нар парадыг үзэх аж. 
 
7 дугаар сарын 14-ний үндэсний баяр бол Францын төрийн гол баяр ёслол бөгөөд энэ баярыг Франц улсад 1880 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Энэ баяраар 1789 оны Францын их хувьсгалыг ойг тэмдэглэдэг билээ.
 
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг