sonin.mn
НЬЮ-ДЕЛИ./TASS/. Энэтхэгийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн сонгууль нь тус улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон 1950 оноос хойш болж буй 15 дахь сонгууль юм. 
 
Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон анхны улс төрч Ражендра Прасад дараалан хоёр сонгуульт хугацаанд ажиллаж байжээ. Энэ удаад тус улсын улс төрийн түүхэнд анх удаагаа гол өрсөлдөөн "дархлагдсан кастуудаас" гаралтай эрх баригч Энэтхэгийн Ардын намын нэр дэвшигч Рам Натх Ковинд болон сөрөг хүчний намын нэр дэвшигч Мейра Кумарын хооронд өрнөх юм.
 
Энэтхэгийн Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар бус харин тус улсын парламентын дээд ба доод танхимын гишүүд, мужуудын хууль тогтоох хурлын гишүүдээс бүрддэг төлөөлөн сонгогчдын коллегиуд сонгодог байна. Ингэхдээ хууль тогтоох хурал бүрийн депутат бүрийн саналыг засаглалын тухайн байгууллага дахь суудлын тоо, муж болон холбооны нутаг дэвсгэрийн хүн амын нийт тоог харгалзан тооцсон тусгай томьёоллоор бодож гаргадаг байна.
 
Сонгуульд парламентын хоёр танхимын 776 гишүүн, мужууд болон холбооны нутаг дэвсгэрүүдийн хууль тогтоох хурлуудын 4120 гишүүн оролцох юм.
 
Сонгуулийн комиссын дарга Ачал Кумар Жоти-гийн ярьснаар, санал хураалт орон нутгийн цагаар 10:00 цагт эхэлж, 17:00 цаг хүртэл явагдах бол төлөөлөн сонгогчдын саналын тооллого 7 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм.
 
Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Пранаба Мукержи-гийн бүрэн эрхийн хугацаа 7 дугаар сарын 24-нд дуусгавар болж байгаа ба шинээр сонгогдох Ерөнхийлөгч 25-ны өдөр албан тушаалдаа орох аж.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг