sonin.mn
АНКАРА./TASS/. Ням гарагт Анкара хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 67 хүнийг баривчлан саатуулсан тухай Sozcu сонинд мэдээллээ.
 
Туркийн нийслэлийн төв талбай болох Кызылайд хүмүүс олноороо цугларч, Туркэд үйл ажиллагааг нь хориглосон “Хувьсгалт ардын чөлөөлөх нам-фронт” байгууллагатай холбоо сүлбээтэй гэх үндэслэлээр саатуулагдаж буй дээд сургуулийн багш Нурийе Гюльмен, Семих Озакча нарыг дэмжин жагсчээ.
 
Нэг хэсэг жагсагчид эсэргүүцлийн ажиллагааг Гювен цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд үргэлжлүүлэх гэж оролдсон байна. Саатуулагдсан хүмүүсийн дунд 22 эмэгтэй байгаа аж. Н.Гюльмен, С.Озакча хоёрыг хоёр сарын өмнө 7 дугаар сарын 15-ны төрийн эргэлт хийх оролдлогын дараа эрх баригчдын хийж буй цэвэрлэгээний хүрээнд ажлаас нь халжээ. Үүний дараа хоёр багш өлсгөлөн зарласан ба уг эсэргүүцлийн ажиллагааг дээр дурдсан террорист байгууллагын заавраар зохион байгуулсан гэж шүүх үзжээ.
 
2016 оны 7 дугаар сарын 15-нд Туркийн Зэвсэгт хүчний цэрэг офицерүүд төрийн эргэлт хийхийг оролдсон билээ. Энэ үеэр 250 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархаджээ. Энэхүү төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод 1999 оноос хойш АНУ-д амьдарч буй Гюлен болон түүний ФЕТО байгууллагыг буруутгаж байгаа аж. Тус байгууллагатай тэмцэх хүрээнд Туркийн эрх баригчид төрийн алба, цэрэг армид өргөн хэмжээний цэвэрлэгээ хийсэн ба уг ажиллагаа одоо болтол үргэлжилсээр байгаа юм.
 
“Хувьсгалт ардын чөлөөлөх нам-фронт” бол зүүний хэт даврагч байгууллага бөгөөд уг байгууллагыг АНУ, Европын Холбоо болон Турк улс террорист байгууллага гэж үздэг байна. Тус бүлэглэлийн гишүүд Турк улсын томоохон хотуудад хэд хэдэн удаа террорист халдлага үйлджээ.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг