sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас амлалтаа биелүүлэхийг шаардаж байгаагаа мэдэгдсэн хэвлэлийн бага хурлыг "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр хийлээ.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа 4 төрлийн зээлийг чөлөөлнө хэмээн сонгогчдод амлалт өгч байсан. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр нийтээрээ өргүй болох юм байна гэсэн өөдрөг итгэл, өндөр хүлээлттэйгээр саналаа өгсөн тул амлалтаа биелүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хатуу шаардаж байгаагаа хэллээ.
 
Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга нь ард түмний өрийг хэзээ, хэрхэн барагдуулах талаараа наймдугаар сарын нэгнээс өмнө мэдэгдэх ёстой. Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Одоогоор тус хөдөлгөөнд 30 гаруй иргэн нэгдээд байгаа бөгөөд цаашид ч амлалтыг ажил хэрэг болгох чиглэлд тууштай тэмцэх тул иргэдийг олноор оролцохыг уриаллаа.
 
“Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт хандан энэхүү шаардлагаа хүргүүлж буй аж. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг