sonin.mn

ГЕГ-т ажиллаж байсан, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа өнөөөдөр Ардчилсан намын гишүүн болж, батлахаа гардан авлаа.

УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж, тойргийн нийт сонгогчдын 33 хувийн санал авсан түүнд улс төрийн намуудаас санал нэлээд ирсэн гэнэ. Харин тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэсэн олон сонгогчдын санал бодлыг дагаж, бие даан нэр дэвшиж байхдаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, хамтран ажиллах хамгийн зөв гарц хэмээн АН-ыг сонгосон байна.


Ховд аймгийн Ардчилсан намын хорооны хурал өнөөдөр болж, аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах үеэр намын дарга Цэвээнравдан Ш.Адьшаад баяр хүргэж, батлах гардуулсан байна. Ш.Адьшаа  энэ үеэр “Одоогоос хэдхэн сарын өмнө бие даан нэр дэвшиж, Ховд аймгийн сонгогчдын гуч гаруй хувь нь надад саналаа өгсөн билээ.Үүнд би сэтгэл хангалуун байгаа. Тийм ч учраас надад итгэл хүлээлгэсэн энэ олон мянган сонгогчийн өмнө хариуцлага хүлээж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө энэ сонголтыг хийж Ардчилсан намын гишүүн болж байгаа юм. Монгол Улс, Ховд нутгийн хөгжил дэвшил, Ардчилсан намын эрх ашиг гэж байхаас бус нам доторхи фракцуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь зохимжгүй. Тийм учраас би аль нэг бүлэглэл фракцийн эрх ашгийг бодолгүй нийтлэг ард түмний төлөө намын бодлогыг дэмжиж та бүхэнтэй хамтарч ажиллахыг хичээх болно” хэмээв.

Тэрээр МАН-ын гишүүн байсан бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуульд мандат авч чадаагүй тул намаасаа гарч, бие даан нэр дэвшсэн юм.