sonin.mn
Улс төрийн шинэ орчин
 
Улстөрийн тэмцэл бол яг шатар. Усгүй талд цусгүй дайтна гэсэн үг. Тиймээс ялангуяа томоохон сонгуульд PR-ын стратеги төлөвлөлт зөв байх ёстой. Үүнийг политтехнологичид боловсруулдаг. Энэ дайн цэвэр мэдээлэл дээр л тогтдог. Ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй. Нэгд мэдээлэл, хоёрт мэдээлэл, гуравт мэдээлэл. Дээр нь байлдааны талбараа шинжих ёстой. Тэр талбар бол иргэдийн менталитет.
2012 оны сонгуулийн дараа иргэдийн улстөрийн хүсэл эрмэлзлийг таах аргагүй байдалд орсон ч энэ удаад ямар ч судалгаа таамгаас илүү бодат үр дүнг бид олж харлаа, үүний тулд сонгуульд идэвхтэй оролцох шаардлагатай байсан, тэр ч зорилгоо биелүүллээ.
Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН стратегийн алдаа гаргасан. Хэт нүсэр бүтэцтэй учраас маневрлах чадвар сул байсан. Ийм том бүтэц богино хугацаатай сонгуульд ялах магадлал муутай байдаг. М.Энхболд С.Баярт уурлаж "Институц институц гээд томроод байсан, студитэй бацаанд шаалгачихаад..." гэдэг бол үүнийг хэлээд байгаа юм. 20 хоногт институциэс студи нь илүү маневртай л даа... Гэхдээ МАНАН-гийн энэ бүтэц өөрчлөгдөхгүй юм байна, энэ тэдний сул тал юм байна гэдэг нь харагдлаа шүү дээ!
Дээр нь тухайн намын "соёл" гэж нэг том хүчин зүйл бий. АН-ын соёл МАН-д таарахгүй, МАН-ынх АН-д таарахгүй, МАНАН-ыг соёл хөдөлгөөнүүдэд таарахгүй, хөдөлгөөнүүдийнх аль алинд нь таарахгүй. Өөрөөр хэлбэл дэмжигчдэд нь таалагдахгүй. Одоо улстөрийн ментал орчинд иргэний хөдөлгөөнүүдийн соёл ааглах цаг ирсэн нь тодорхой байна.
Саяын сонгууль бол маш том хээрийн сургууль болов. Энэ орон зайд үй олон эмх замбараагүй бие хүн болоод ашиг хонжоо хайгчид, нэр төрд дурлагсад, тохиолдлын хүмүүс, хутган үймүүлэгчид цугласан. Гэхдээ "муу" гэсэн үг биш, ердийн оргилуун хүмүүс. Үлгэрлэвээс Чингис хааны өмнөх үеийн язгууртнуудаас урт дурын хүмүүс юугаараа муу байсан гэж? Хэрэв цаашид хамтдаа ялъя гэвэл нэгдэх л хэрэгтэй, гэхдээ Н.Энхбаяраар туг хийж болохгүй. Энэ бол бидний шийдэх "№ 1" асуудал. Тэр өөрөө энэ системийг үүсгэгч, хэрэв эрх авбал цаашаа л явах хүн гэдгээ 2012-2016 онд хангалттай баталсан.
МАН ч, АН ч улстөрийн гуравдагчийн орон зайг үл тооцсон алдааг гаргадаг. Гэтэл С.Ганбаатарын авсан саналыг хар даа! Нэгдүгээр шатны санал хураалтын дараа МАН-ын нэр дэвшигчийн рейтинг +4 хувь болсон нь хатуу электораль суурь нь буцаж нэгдсэн механик үзүүлэлт болохоос сонгогчид МАНАН руу татагдахгүй байна. Энэ 4% бол Н.Энхбаярын МАН-аас татсан санал. С.Ганбаатар чадахгүй гэвч "үлдсэн нь" түүнийх! Тэр "гудамж" С.Ганбаатарыг ч, Х.Баттулгыг ч М.Энхболдын дээр гаргаж шидэж байна. Хэрэв иргэний хөдөлгөөний анхдагчид С.Ганбаатар дээр нэгдсэн бол, Н.Энхбаяр тэднээс болгоомжилж С.Ганбаатараа эрхшээх гэж оролдоогүй бол өнөөдөр байдал ямар байхыг таашгүй. Үүнийг бид биш "тэд" биш гадныхан мэдэж, залуурдахыг оролдож байна, түүнийг зайлшгүй тас цохиж хүчээ мэдрүүлэх шаардлага бидэнд байсан. Ганбаатар ялах тухай галзуу солиотой гэгдсэн таамаг маань яаж батлагдсаныг бүгдээрээ л харлаа. Энэ бол бодат байдал юм шүү!
Энэ бол анти МАНАН. Хамгийн холдоо 2020 онд энэ масс бүхнийг шийднэ. Энэ масст таалагддаггүй улстөрчид ирээдүйгүй. Мөнгө ч туслахгүй. Гэхдээ иргэний хөдөлгөөнүүдийн суурь дээр "жаахан, тун жаахан" мөнгө нэмбэл бүхий л эрхийг авч чадна. Энэ бол 2020 оноос наана ч шийдэж болох асуудал.
Сүүлийн гурван ч сонгуулийн явцад иргэний хөдөлгөөнүүд МАНАН-гийн улс орныг бүрэн эрхшээхэд хангалттай хүрэх "хуримтлал"-ыг үрэн таран хийхэд амь өрөн, бүх хүчээ зарцуулсан. Энэ хуримтлалыг байнга сүйтгэж, салхинд хийсгэж байж цөөнхийн дарангуйллаас зайлж чадна гэж бид тооцож байсан, одоо бол нийгэмд энэ маань шингэж, нийтээрээ ухамсарласан байна. Одоо бол иргэд мөнгөнд худалдагдахгүй болж төлөвшсөн байна.
Одоо эргэлтийн мөч тулж ирлээ. МАН ялагдлын шокондоо сандарч "Үндсэн хууль"-д өөрчлөлт оруулахаар зүтгэж эхэллээ. Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол ингэж яаравчлахгүй байсан юм. Энэ хоёр талтай. Үүнд удирдлага хэрэгтэй, гэхдээ хуучны уламжлалт биш хаосын удирдлага.
Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй байх нь одоо АН-ын эрх ашиг, өөрчлөх нь МАН-ын эрх ашиг. Энэ хоёрын аль нь ч иргэний хөдөлгөөний эрх ашгийг илэрхийлэхгүй, аль нь ч манай тал биш. Аль нь манай талд орж байгаа юм биш, хий хоосон улстөрийн популист сүжигнэл төдий юм. Гэхдээ энэ хоёр нам л үнэмлэхүй эрх барьж байгаа нь нийгмийн хувьд дан МАНАН-гийн төр гэж харагдаж байгаа нь бидний хувьд аз завшаан. Ийм л орчин үүсэх ёстой байсан, үүслээ.
Тиймээс АН-ыг өрөвдөх хэрэггүй, болж өгвөл МАН-аар нухчин даруулах ёстой авч хэзээ ч тийм юм болохгүйг бид харлаа. Үүнээс хойш ч хэнийг ч яах ч үгүй. МАНАН нэгнээ нухчин дарахгүй. Хэрэв сая Ерөнхийлөгч Х.Баттулга ялагдсан бол АН бутран сарних байсан, гэхдээ гуравдагчаас МАХН-аас Ерөнхийлөгч сонгогдох нь "Гандирсын хотын зэрэглээ" мэт сайхан дүрээр нийгмийг хуурах байсан, тиймээс өнөөгийн нөхцөл байдал бол бидний хүссэн, зорьсон, бий болгосон нөхцөл байдал гарцаагүй мөн. Тиймээс АН-ын хатуу эсэргүүцэл дор, 60 тэрбумын хэрэгтэй, үүнээс болж легитим шинж нь алдагдсан МАН-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Муу байх тусмаа сайн.
Мэдээж тэр өөрчлөлтийг нийгэм хүлээн авахгүй, АН ч ухамсаргүйгээр эсэргүүцсэн хэвээр байх болно. Намуудын удирдлага улам бүр бүдүүлэгжиж, боловсролгүйжиж, үзэл санаа, ёс суртахууны ердийн хэм хэмжээнээс дорд орсон нь нөгөө талаас нийгмийн "дээд" оюун санааныхныг хамарсан өргөн эсэргүүцлийг өдөөнө. Энэ давалгааг бид шуурга болгож чадвал улстөрийн суурь өөрчлөлтийг хийх боломжоо олж авах юм. Хэрэв МАН "Үндсэн хууль"-д гар дүрвэл "түр засгийн газар" үүснэ. Түр бол түр, түүний дараа бүрмөсөн эрхээ авах боломж бидэнд гарч ирнэ. Үүнээс наана бид яаралтай нэгдэх хэрэгтэй. Үүний тулд МАН, АН-д орсон улстөрчид хурдан сэхээрч фронтын шугамын нэг талд гарах цаг болсон байна.
Өнгөрсөн сонгууль бол ямар ч гадаад дотоодын судалгааны байгууллага тодрууламгүй бодат үр дүнг Монголчуудад харууллаа. Цаг болсон, Үзэл санааны удирдлагыг бид хийж чадна. Гагцхүү энэ хаосыг удирдах бодтой нэгдмэл хүчин л дутуу байна. Түүнийг хүлээж байгааг анзаарав уу? Нөхөд өө!
 
А.Баатархуяг