sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгост дахин анхааруулга өгөөд “Миний урьд өмнө нь өгч байсан анхааруулга энэ удаагийн анхааруулгын дэргэд юу ч биш” гэлээ.
 
Д.Трамп пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хэрвээ АНУ-ыг заналхийлж, өдөөн хатгахаа зогсоохгүй бол Умард Солонгос уур хилэнгийн галд автах болно гэж энэ долоо хоногийн эхээр Пхеньянд анхааруулж байсантай “харьцуулшгүй хатуу анхааруулга”-ыг би энэ удаад өгч байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Миний энэ анхааруулгыг армийнхан, олон удирдагч, цаашлаад хүн бүр дэмжиж байгаа. Хэрвээ Пхеньян АНУ эсвэл түүний холбоотнууд руу халдах тухай бодож байгаа бол төсөөллөөсөө давсан юмтай учрах учир Умард Солонгос бажгадах болно” гэжээ.
 
Түүний хэлснээр, Вашингтон Пхеньянтай яриа хэлэлцээ хийх талаар ямагт бодсоор иржээ. Гэсэн хэдий ч тус хоёр улс сүүлийн 25 жилийн хугацаанд огт яриа хэлэлцээ хийгээгүй аж.
 
Умард Солонгост “сануулах цохилт” өгөх талаар бодож байгаа эсэхийг нэгэн сэтгүүлч асуухад Д.Трамп хариулахаас татгалзжээ.
 
Умард Солонгосын өдөөн хатгалгыг зогсоохын тулд илүү их шахалт үзүүлэхийг тэрбээр Хятад улсаас мөн хүсээд “АНУ Хятадтай хийж буй худалдааны улмаас маш их алдагдал амсаж байгаа.  Хятад улс Умард Солонгосын асуудлаар АНУ-д тусалсан ч манай тал худалдааны тэнцвэрт байдлыг бий болгохын төлөө тууштай арга хэмжээ авах болно” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг