sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд эрх баригч МАН-ынхан "Эвтэй Монгол-Ээлтэй төр", "Эвтэй Монгол ялна" уриатайгаар оролцсон билээ. Харамсалтай нь энэ уриа  гагцхүү сонгуулийн сурталчилгаанд зориулсан хуурамч лоозон байсан нь нэг нэгнийгээ "ална, тална" гэх үгийг ч хэлэхээс буцахгүй байгаа МАН-ын нэр бүхий лидерүүдийн ааш авир, үг үйлдэл харуулж байна. "60 тэрбумын схем"-ыг зохиогч гэх НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга У.Сандуйгийн албан ёсны орлогч М.Ганбаатар гэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ялагдлыг үр дүнг ганцхан МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгаланд үүрүүлэхийг оролдон, улс төрийн акци зохион байгуулсан боловч энэ нь үр дүнд хүрээгүй.
Тэгвэл Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн ажлын албаныхан 8 дугаар сарын 4-нд анх албан ёсоор мэдээлэл хийж, Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийг мөрдөн тагнах, амь насыг хөнөөх ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж байна хэмээсэн юм. Үүнээс хойш уг асуудал улам даамжирч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Н.Номтойбаяр нар луу У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч, өмгөөлөгч тэргүүтэй хүмүүс ил цагаан дайрч эхлээд байна. Тэр бүү хэл Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн фракцийн гэх УИХ-ын нэр бүхий гишүүд уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ. Харин өчигдөр өглөө үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчилсэн Ч.Батболдыг тусгай албаны 20 гаруй залуус баривчилсан тухай sonin.mn өмнө нь мэдээлсэн билээ.
Шадар Сайд У.Хүрэлсүхийн ажлын алба ба Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатын шууд удирдлаган дахь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраар удирдуулсан хоёр "баг" үүсч, нэг нэгнээ хэвлэлээр намнах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж буй нь өнөөдөр хэнд ч тодорхой  болжээ. МАН-д одоогийн байдлаар 1. У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нарын бүлэг, 
2. М.Энхболдын удирдсан хотын фракци +Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарын дэд бүлэг, 
3.С.Баяр, С.Бямбацогт тэргүүтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн баримжаатай дэд бүлэг+ Сү.Батболд удирдагчтай "М-Си-Эс" -ийн бүлэг
4.Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын дэд бүлэг тус тус бодитой оршиж буй бөгөөд эдгээрийн аль нь аль талтайгаа ойлголцож, нөгөөгөө "булан шахах вэ?" гэдгээс МАН-ын шинэ удирдлага тодорхой болох юм. Намын дарга, улмаар Засгийн Газрыг удирдахын тулд нэгнээ мөрдөж, тагнах, намын их хурлын төлөөлөгчдөд машин тэрэг бэлэглэх гээд яахаас ч буцахгүй болоод буй МАН-ынхнаас ганцхан сарын өмнө сурталчилж байсан "Эвтэй Монголын төлөө"  уриа чинь юу болсон вэ? гэж асуухад илүүдэхгүй болжээ.
 
Э.Мягмар