sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. Цагаан ордны харилцааны захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хоуп Хикс-ийг томилсон тухай мэдээллийг лхагва гарагт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын хэвлэлийн алба баталжээ. 
 
“Хоуп Хикс Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс болон олон нийттэй харилцах багийнхантай хамтран ажиллах төдийгүй Цагаан ордны харилцааны захирлын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” хэмээн Цагаан ордноос тараасан мэдэгдэлд дурджээ. Өмнө нь Энтони Скарамуччигийн хашиж байсан энэ албан тушаалд жинхлэн томилох талаар цаг нь болохоор зарлана гэж онцлон дурджээ.
 
Үүнээс өмнө "The Washington Post" сонинд өдгөө 28 настай Х.Хиксийн олон нийттэй ажиллах хүрээний бүрэн эрхийг нь өргөжүүлнэ гэж мэдээлж байсан юм. Одоогийн байдлаар Х.Хикс Цагаан ордны стратегийн харилцааны захирлын албан тушаалд ажиллаж байгаа аж. 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны эхэн үед тэрбээр Д.Трампын хэвлэлийн албаны нарийн бичгээр ажиллаж байжээ.
 
Э.Скарамуччиг дээр дурдсан албан тушаалд томилсон тухай 7 дугаар сарын 21-нд зарласан юм. Үүнээс хойш удалгүй Э.Скарамуччи Д.Трампын хүрээллийн албан тушаалтнуудыг мэдээлэл задруулсан гэсэн үндэслэлээр хэд хэдэн удаа ширүүн шүүмжилсэн юм. Тэдгээр хүмүүсийн тоонд одоо Цагаан ордны аппаратын тэргүүн асан Райнс Прибас орох болжээ. Түүний албан тушаалд өмнө нь Үндэсний аюулгүй байдлын яамыг удирдаж байсан Жон Келли томилогдсон байна.
 
Э.Скарамуччи албан тушаалдаа ердөө 10 өдөр ажиллаад огцорчээ. Цагаан ордны аппаратын харилцааны захирал нь Америкийн Засаг захиргааны олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны бодлогыг бүхэлд нь хариуцдаг байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг