sonin.mn
КИЕВ. /Ukrinform/. ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн пуужингийн хөдөлгүүрүүдийг Умард Солонгос Украины нэгэн үйлдвэрээс хууль бус сувгаар дамжуулан олж авсан байж магадгүй гэсэн мэдээллийн мөрөөр мөрдөн шалгалт явуулж эхлэхийг Украины Ерөнхийлөгч Петро Порошенко холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
 
П.Порошенко өчигдөр буюу лхагва гарагт фэйсбүүк хуудсандаа “Үүнийг би манай улсыг буруутгах гэсэн утгагүй хэрэг гэж үзэж байна. Умард Солонгост Украинаас пуужингийн хөдөлгүүр нийлүүлсэн гэх энэ мэдээллийг шалгахыг би өнөөдөр үүрэг болголоо.” гэжээ. Тэрбээр холбогдох албаны хүмүүст энэ мэдээллийг шалгах гурав хоногийн хугацаа өгсөн байна.
 
Олон улсын стратеги судллалын хүрээлэнгийн пуужин шинжээч, Америкийн иргэн Майкл Эллеман энэ долоо хоногийн даваа гарагт Умард Солонгосын пуужингийн талаарх тайлангаа олон нийтэд танилцуулсан юм.
 
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосын Hwasong-12 болон Hwasong-14 тив алгасах баллистик пуужингуудын хөдөлгүүр нь Зөвлөлтийн үед үйлдвэрлэж байсан RD-250 хөдөлгүүрийн шинэчилж сайжруулсан хувилбар юм шиг байна. Энэ хөдөлгүүр Украины нэгэн үйлдвэрээс хар захаар дамжин Умард Солонгосын гарт орсон байж магадгүй. Энэ хөдөлгүүрийн ачаар Умард Солонгосын пуужингийн технологи илүү хурдацтай боловсронгуй болж байх шиг байна” гэсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг