sonin.mn
МОСКВА./ТАСС/. Беларусь, Казахстан улсаас элсэн чихэр импортлохыг ОХУ хязгаарлаж магадгүй гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Сайдын хэлснээр, дээрх орнууд элсэн чихрийн түүхий эдийг татваргүй гаднаас импортолдог ба улмаар боловсруулт хийн буцаагаад хямд элсэн чихрээ Орост зардаг байна.
 
“Нэг талаас манай улс элсэн чихэр хэрэгцээнээсээ илүү үйлдвэрлэдэг болохоор бид 700 000 тонн элсэн чихэр гадагш нь экспортлох ёстой. Нөгөө талаас Беларусь, Казахстан улсууд гуравдагч орнуудаас элсэн чихэр аван манай улсын зах зээлд нийлүүлж байгаа нь шударга бус, зохисгүй явдал юм” хэмээн А.Ткачев онцлон тэмдэглэжээ. Энэ нь Орос улсын зах зээлд дарамт болж байгаа төдийгүй энэ оны 8 дугаар сарын эхнээс хойш элсэн чихрийн үнэ бараг хоёр дахин унаж 1 кг нь 44 рублиэс 26 рубль болтол буурсан ажээ.
 
Үүнтэй холбоотойгоор Оросын элсэн чихрийн үйлдвэрлэл өрсөлдөх чадвараа алдаж, Оросын цөөнгүй үйлдвэрийн газрууд дампуурахдаа тулж байгаа эсвэл алдагдалтай ажиллаж байна гэж сайд ярьжээ.
 
ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийг зохицуулах талаар хэд хэдэн үр ашигтай арга хэмжээ авах ёстой гэж сайд үзэж байгаа юм.
 
О.Барс  
Эх сурвалж: Монцамэ агентлаг