sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. Төрийн департамент Бахрейн улсад 19 ширхэг F-16 сөнөөгч нисэх онгоц, "TOW" танк эсэргүүцэгч пуужингийн цогцолбор болон эргүүлийн катеруудыг зарахыг дэмжжээ. Худалдан авалтын нийт үнэ 4 тэрбум гаруй доллар болж байгаа гэж Америкийн Батлан хамгаалах яамны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.
 
Бахрейн улс F-16V загварын сөнөөгч нисэх онгоц захиалсан ба уг нисэх онгоц нь идэвхт фаазын торлол бүхий радар мөн борт компьютероор тоноглогдсон ажээ. Бахрейны зэвсэглэлд одоо байгаа нисэх онгоцуудыг мөн шинэчлэн сайжруулах юм. Нийлүүлэлтийн багцад дээрхээс гадна хөдөлгүүр, радар, “агаар-агаар”, “агаар-газар” ангиллын зэвсэглэл болон дагалдах цэргийн тоног төхөөрөмжүүд багтаж байгаа аж. Энэ бүхний нийт үнэ нь 3,8 тэрбум доллар болж байгаа ажээ.
 
Эргүүл харуулын хоёр катер Бахрейнд 60,2 сая долларын үнэтэй тусч байгаа ба захиалагчийн хүсэлтээр дээрх катеруудад 25мм-ийн калибртай МК38 автомат их бууг суурилуулсан байна. Мөн түүнчлэн Бахрейн улс хуягласан байг дээрээс устгах чадвартай төрөл бүрийн загварын “TOW” цогцолбор 221-ийг захиалжээ. Нийлүүлэлтийн гэрээнд мөн техник, ложистик хангамжийн үйлчилгээ багтаж байгаа ажээ. 
 
Бахрейн улсад дээрх сөнөөгч нисэх онгоц нийлүүлэх саналыг АНУ-ын өмнөх засаг захиргаа өнгөрсөн оны 9 дүгээр сард санаачлан тавьж байсан ч тэр үед АНУ-ын Конгресс дээрх санаачлагыг Бахрейн улс хүний эрхийн салбарт хэрэгжүүлэхээр өгсөн амлалтаа биелүүлээгүй гэсэн шалтгааны улмаас хүлээж аваагүй байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг