sonin.mn
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах нам, сөрөг хүчний Ардчилсан нам хоёр тус улсад амьдарч буй хууль бус цагаач хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалах талаар тохиролцоонд хүрчээ. Энэ тухай лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Конгрессийн төлөөлөгчдийн танхим, Сенатын цөөнхийн бүлгийн удирдлагууд болох Чак Шумер, Нэнси Пелоси нар ажил хэргийн уулзалт хийсний дараа мэдэгджээ.
 
“Бид Цагаан ордонд Ерөнхийлөгчтэй туйлын их үр бүтээлтэй уулзалт хийлээ. Бид хууль бус цагаач хүүхдүүдийг тус улсаас албадан гаргахаас хамгаалах хөтөлбөр дээр тогтож ярилаа. Энэ хамгаалалтыг хурдан хуулийн хэлбэрт оруулах, түүнчлэн Мексикийн хил дээр аюулгүй байдлыг хангахтай холбоотой багц асуудлыг аль аль талдаа хүлээж авахуйцаар бэлтгэх талаар тохиролцоонд хүрсэн” хэмээн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
 
Үүнээс өмнө АНУ-ын Засаг захиргаа албадан гаргахаас сонголттойгоор хамгаалах дээр дурдсан хөтөлбөрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухайгаа зарласан юм. АНУ-ын Хууль зүйн яам, Ерөнхий прокурор Жефф Сешнс уг хөтөлбөрийг цагаачлалын хууль тогтоомжийн зүйл заалтыг тойрсон зүйл гэж үзэж байжээ. Дээрх хөтөлбөрийг хүчингүй болгох процесст хагас жил орчим хугацаа шаардлагатай аж. Конгресст энэ хугацаанд дээрх хөтөлбөрийн ижил төстэй хувилбарыг боловсруулж, зохих хуулийн төслийг батлахыг санал болгосон байна.
 
Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн зүгээс АНУ-ын эрх баригчид хагас жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрийг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор хамгаалалтгүй болж буй хууль бус цагаачдын хувьд ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэдгээ батлан хэлжээ.
 
Тус хөтөлбөрийн үйлчлэл нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр хууль бусаар амьдарч буй 2012 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 31-ээс доош насны гадаадын иргэдэд хамаардаг байна. Уг хөтөлбөрт АНУ-ын хилээр орох үед 16-гаас доош настай байсан мөн 2007 оны 6 дугаар сарын 15-наас хойш тасралтгүй тус улсад амьдарч буй иргэд хамаарах ажээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг