sonin.mn
Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах санал гаргасан билээ. Улмаар 9 сарын 7-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн Газрыг огцруулсан юм. Үүнтэй зэрэгцэн, дараагийн Ерөнхий сайд, улмаар Засгийн Газрын гишүүн-сайдуудыг тодруулах ажил МАН-д хэдийн эхлээд байна. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл энэ долоо хоногийн Лхагва гаригт хуралдаж,  намын Бага хурлаа 2017.09.25-нд зохион байгуулахаар товлосон.МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд танхимыг бүрдүүлэх шийдэлд хүрээд буй юм. Хачирхалтай нь Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн дунд УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Сандагийн Бямбацогтын нэр явж буй нь олон нийтийн төдийгүй МАН-ын  зарим жирийн гишүүдийн ч гайхшлыг төрүүлж байна. Учир нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулсан хамгийн том үндэслэл нь  нийт 744 тэрбум 90 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий долоон концессын гэрээний асуудал байсан юм. Тэгвэл  эдгээрийн нэг болох  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессийг С.Бямбацогтын "Алтай Трест" компани авсан билээ. Барих, шилжүүлэх гэрээтэй уг концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсан аж. Иймээс хэрэв С.Бямбацогт  Ерөнхий сайд, тэр бүү хэл Засгийн Газрын гишүүн, сайд ч гэсэн болвол чухамдаа  Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулсны утга учир алдагдана. Учир нь өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа концесс хувиарласан ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудаас салах нь Засгийн газрыг огцруулсны гол шалтгаан байсан юм. Нөгөөтэйгүүр С.Бямбацогтыг МАНАН дэглэмийн гол толгойлогчид гэгдэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын ойрын хүрээллийн хүн гэх албан бус, батлагдаагүй мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг.
 
П.Энхмандах
 
 
 
 
Сандаг овогтой Бямбацогтын товч намтар
 
Ховд аймгийн Ховд хот Жаргалант суманд 1974 оны 09-р сарын 14-нд Сандагийн ууган хүү болон мэндэлсэн.
 
1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
 
1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,  2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.
 
1998 оны ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,
 
 2000-2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,
 
2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга, 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,
 
2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
 
Мөн2009 оноос Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 2007 оноос Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн Тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт албыг хашиж байна.
 
2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн
 
2012-2014 Монгол Улсын Их Хурлын гишүүн  
 
2016 оноос 2017 он хүртэл  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан.
 
УИХ-ын гишүүн.