Улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Харин Ардын нам  ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой. Тйим учраас  би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө гэж Шадар сайд У. Хүрэлсүх  мэдэгдээд хагас сар орчим болоод байна. Тэрбээр цааш нь “Монгол Улс нэн даруй  стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах хэрэгтэй” гэж онцолжээ.
 
Түүнийг ингэж мэдэгдсэнээс хойш Засгийн газар огцорлоо. МАН-ын  Удирдах зөвлөл хуралдлаа. Бага хурал нь энэ сарын 25-нд  хуралдана. Ерөнхий сайдад нэр дэвшигч тэндээс тодорно. Тэр хүртэл засгийн тэргүүн сайдууд үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байна. Ингэхэд тэд яагаад үүрэг гүйцэтгэгч болов гэдгийг энэ хооронд эргэн санаж тунгаан үзэхэд илүүдэхгүй гэж улс төрийн хүрээний  зарим нь  хэлж байгаа юм. Засгийн газар огцорсон нөхцөл нь төрийн асуудал байхаас илүүтэй   УИХ дахь  МАН-ын  бүлгийн  65 гишүүний оролцооноос ихээхэн  хамааралтай гэж улс төрчид үзэх боллоо.
 
Ерөнхий сайдыг огцруулахгүй байх саналыг  65 гишүүнээс 31 дэмжиж, 33 нь татгалзсан юм. Намын бүлэг дотрох саналын зөрүү маш бага л даа. Энэ зөрүү шинэ засгийн хувь заяаг шийднэ гэдэг өнцгөөс харвал МАН-ын бүлгийн гишүүд тэг дундуураа хуваагдсан байгаа нь зөвхөн олонх болж огцруулсан тал нь дагнасан Засгийн газар гаргаж  ирэх магадлал тун бага болоод байгаа юм.
 
МАН-ын “ханзарсан” эв нэгдийг эвлүүлж гагнах нэг гарц нь “намын дарга Ерөнхий сайд байж болно” гэсэн дүрмийн заалтын үйлчлэлийг зогсоох байж болох юм. Дүрмийн заалтын үйлчлэл зогссоноор одоо шил  шилээ даран  шийдлээ хүлээж байгаа Ерөнхий сайдын томилгоо, МАН-ын Их хурлаар тодрох намын даргын сонгууль хоёрын хоорондын хэлхээ холбоо завсар заагтай болно. Ингэж чадсанаас дүрмийн заалтыг дөрөөлсөн  улстөржилд намжимал байдалд орж нам дотор нь  эерэг уур амьсагал авч ирэх  магадлал улам өндөр болох болов уу.  
 
Ерөнхий сайдад одоо олон хүний нэр яригдаж байна. Тухайлбал УИХ-ын дэд дарга Ц. Нямдарж, гишүүн Ө. Энхтүвшин, Ч. Хүрэлбаатар, Д. Хаянхярваа, С. Бямбацогт, Г. Занданшатар , Н. Энхболд Шадар сайд У. Хүрэлсүх. Эдгээр нь өнөөдөр бусдын гаргаж байгаа нэрс.  Гэвч тэдний хэн ч “би Ерөнхий сайд болно” гэж олон нийтэд мэдэгдээгүй байгаа. Мөн тэднээс гадна “би засгийг тэргүүлнэ”  гэж дотроо бодож, өөрийн хүрээнийхэндээ ярьж  байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Тэр бүхнийг нарийвчлан авч үзэж эцсийн шийдвэр гаргах газар нь МАН-ын бага хурал болоод байна. Бага хурлаасаа нэр дэвшээд УИХ-ын чуулганаар орж шинээр ерөнхий сайд болсон хэн нэгний хувьд дараа нь болох намын Их хурлаар намын дарга болох боломж гарахгүй биз ээ
 
Тэгвэл МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ У. Хүрэлсүх өөрөө хэлсэн.  Ийм үгийг тэрбээр  амнаасаа  зүгээр унагаагүй гэж ойлгож болно. У. Хүрэлсүхийн хэлсэн дээр тулгуурлан нэгэн гаргалгаа хийж үзье.  Ерөнхий сайд болсон нөхцөлд  түүнд бусдын адил намын дарга болох  боломж  бас л гарахүй. Тэгвэл хэн засаг тэргүүлбэл У. Хурэлсүх намын дарга болох вэ?
 
Ерөнхий сайдад яригдаж байгаа хүмүүсийн дотор нэг нэр гарч ирэхгүй байгаа юм. Тэр бол МАН болон УИХ-ын дарга М. Энхболд, түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшээд унасан гэдгийг бүх хүн мэднэ. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн амжилтыг түүнээс салгаж үзэх боломжгүй.  Тэгээд ч өнөөдөр төрд өндөр алба хашч байгаа л даа. Ер нь МАН-ын дарга болгоно гэж үзэж байгаа У. Хүрэлсүх, түүний нөхдөд нь улс төрчдийн дунд яригдаж байгаа " М. Энхболдыг Ерөнхий сайд болсон нөхцөлд , У. Хүрэлсүхэд  намын дарга болох  магадлал улам өндөр байх болно" гэсэн хувилбарыг  дуулгахад илүүдэхгүй байх аа. 
 
Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш 1992-1996 оны хооронд Ерөнхий сайд П. Жасрай байсан. Тэгвэл  МАН (МАХН)-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.  Энэ нь МАН засаглаж байх үед  засаг, нам хоёр тусдаа байсаныг гэрчлэх баримт. Тухайн үед улс төрийн хүрээнийхэн П. Жасрайг намын дарга бол гэдэг шахалтыг үзүүлж байсан юм билээ. Түүнийг нь П. Жасрай хүлээн аваагүй гэдэг. Тухайн үед засаг, нам хоёр тусдаа байлаа гээд нам дотор засаг огцрох хэмжээний зөрчил  гараагүй байдаг.
Энэ бол санахад илүүдэхгүй туулж өнгөрсөн бидний бодит жишээ.      
                                                                                                                                                                                                                                           
Г.Эрдэнэбат
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг