Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачлагатай хамтран “Ногоон эдийн засаг ба худалдааны боломж” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлгийг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулж байна.
 
Эл хэлэлцүүлгээр Ногоон эдийн засаг, худалдааны хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт төвлөрч ярилцав.  Байгальд ээлтэй технологи ашигласан  бизнесийг хөгжүүлэх,  худалдааг хөнгөвчлөх, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг олон улсын худалдаатай уялдуулах, хөдөө аж ахуйн тогтвортой ногоон үйлдвэрлэл, үнэ цэнийн гинжин хэлхээ, олон улсын худалдааны боломжийн талаар санал солилцсон юм. Улмаар тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, ногоон үйлдвэрлэл, ногоон худалдааг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулах нь чухал гэдэгт оролцогсод саналаа нэгтгэлээ.
 
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэд дарга Тим Кастен ярихдаа,  “Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, байгалийн баялагтай орон. Үүнийг түшиж ногоон эдийн засаг, худалдааг хөгжүүлэх бүрэн боломжтой.  Ингэхдээ тогтвортой, урт  хугацааны бизнесийн ололт, амжилтыг бататгах нь чухал. Дэлхий нийт байгаль орчинд ээлтэй төслүүдийг хэрэгжүүлж энэ хэрээрээ үр шимийг хүртэж байна. Банк, санхүүгийн байгууллагууд байгальд ээлтэй төслийг санхүүжүүлэх, төрийн зүгээс  ногоон хөгжлийг тэтгэсэн хувийн хэвшлүүдийг урамшуулах системийг бий болгож буй юм” гэлээ.
 
Мөн үеэр Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Б.Мөнхчимэг гадаад худалдааны талаар мэдээлэл өгсөн юм.
 
Тэрээр, “Монгол Улс  энэ оны эхний найман сард дэлхийн 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 4.1 тэрбум ам. доллар, импорт 2.8 тэрбум ам. доллар байна. Гадаад худалдааны бараа эргэлт жилийн хугацаанд өсөлттэй гарлаа. Улмаар гадаад худалдааны тэнцэл 2016 оны мөн үед 708.5 сая ам. долларын ашигтай гарч байсан бол эхний долоон сарын байдлаар 475.1 сая ам.доллараар буюу 67.1 хувиар нэмэгджээ. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл өсөх гол шалтгааныг   эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлсөн” гэв.
 
Монгол Улсын хувьд Ногоон эдийн засагт шилжих шилжилтэд яарахаас илүүтэй урт хугацаанд үр нөлөө өгөхүйц худалдаа, эдийн засгийн тулгуурыг бий болгох нь чухал гэдгийг гадныхан онцолж байсан юм.  
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг