sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс цаасан дээр 20 гаруй жил брэнд бүтээгдэхүүн хөгжүүлснийг Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны  төслийг эхлүүлэх семинарын үеэр оролцогсод онцолсон юм.
 
Туушин зочид буудалд болсон  семинарт хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан оролцож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экспортоо хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцов.
 
Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр  бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн менежментийг сайжруулах зорилго бүхий хоёр сая ам.долларын төсөл манай улсад 2020 он хүртэл  хэрэгжих юм байна. Эл төслийн гол зорилго нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх аж. Улмаар  төсөл хэрэгжсэнээр малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал дээшилж, аж ахуйн нэгжүүдийн маркетинг техникийн чадавхи болон монголын бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх юм байна.
 
ТА-8960 MON: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны  төслийн зохицуулагч Т.Энхжаргал ярихдаа, “Эл төслийн хүрээнд чацаргана, зөгийн аж ахуй, мах, ноос ноолуур, арьс шир, оёдол зэрэг долоон салбарын нэмүү өртгийн сүлжээг дэмжихэд техникийн туслалцаа үзүүлэх юм. Экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, техникийн чадавхийг сайжруулахад чиглэнэ. Төслийн хүрээнд дээрх долоон салбарын судалгааг гаргасан. Эл судалгаагаар түүхий эд боловсруулах явц учир дутагдалтай, стандартын шаардлага хангахгүй, хүнсний аюулгүй байдлыг хангах экспортын шаардлагад хүрэхгүй зэрэг олон асуудал бий. Үйлдвэрлэгчид брэнд бүтээгдэхүүн гаргахад үүнийг баталгаажуулах лабораторийн чадавхи сул. Түүхий эд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингээж чанартай бүтээгдэхүүн гаргах, үүнийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. Төсөлд хамрагдах салбаруудаас  гадаад, дотоодын өндөр үнийн зах зээлд гаргах боломжтой Монголын бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох үнэлгээ хийх юм” гэв.
 
Бизнес эрхлэгчид чанарын шаардлага хангасан түүхий эд ховор, бүтээгдэхүүн хөгжүүлэх техник, тоног төхөөрөмж учир дутагдалтай, мөн чадавхитай боловсон хүчин, мэргэжлийн технологич шаардлагатайгаас гадна менежментийн асуудал чухал гэдгийг  тодотгосон юм.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг