sonin.mn
НЕЙПЬИДО. /Шиньхуа/. Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи хойд Ракхайн мужийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа гэж Хятадын “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Ан Сан Су Чи нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганд оролцохоо цуцалсны дараа засгийн газрын зүгээс үндэсний эв нэгдэл, энх тайвны төлөө хийж буй ажлын хүрээнд энэ мягмар гарагт Нейпьидо хотноо Мьянмарын олон улсын хурлын 2 дугаар төвд үг хэлсэн байна. Ан Сан Су Чи нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг асан Кофи Аннан тэргүүтэй Зөвлөх комиссоос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхээр засгийн газраас өгсөн амлалтаа биелүүлэхээ илэрхийлээд, энэхүү зөвлөмж нь тус улсын нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад тус дөхөм болох болно гэжээ.
 
Тус хурлын танхимд цугларсан 700 хүн, түүний дотор 120 гадаадын дипломатчийн өмнө Ан Сан Су Чи үг хэлэхдээ Ракхайн мужийн нөхцөл байдлыг сэргээхийн тулд засгийн газраас хүчин чармайлт гаргаж байгааг товч дурдаад 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш ямар ч зэвсэгт мөргөлдөөн, цэвэрлэгээний үйл ажиллагаа болоогүй гэж онцолсон байна. Гэвч тэрбээр лалын шашинт олон хүн хил даван Бангладеш руу зугтаж буй талаарх мэдээлэлд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Лалын шашинтнууд үй олноороо Ракхайн мужаас дүрвэн зугтаж байгаа шалтгааныг олж мэдэхийг хүсч байгаагаа тэрбээр хэлээд, үүний тулд дүрвэн зугтсанболон үлдсэн иргэдийн санал бодлыг сонсох ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр энэ ажилд туслахыг дипломат төлөөлөгчийн газруудаас хүссэн байна.
 
Тэрбээр арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн байр сууриас үл хамааран Мьянмар улсад хүний эрхийг зөрчсөн хэн нэгний эсрэг арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг