sonin.mn
Өмгөөлөгч Л.Мөнхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
 -Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан  нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой гэх 50 сая вонын хэрэгт та өмгөөлөгчөөр ажилласан. Саяхан давж заалдах шатны шүүхэд хандсан гэж сонслоо.  Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил хараахан эхлээгүй, нэр дэвшигч нар СЕХ-нд холбогдох материалаа өгсөн, СЕХ нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаар шийдвэр гараагүй байх яг тэр үед энэ асуудал үүссэн байдаг.   Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой.  Ийм байтал сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байх үед,  санал хураалтын өмнөхөн ЦЕГ, СЕХ шүүхийн шийдвэр гараагүй байхад МАХН – аас нэр дэвшигч Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдчихсон мэтээр хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй маргаантай асуудлаар мэдэгдэл хийсэн нь сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа. МАХН – аас ч энэ талаар тухайн үед энэ хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл хийсэн байдаг. Миний үйлчлүүлэгч энэ асуудлын тухайд хэн нэгэн хэсэг бүлэг этгээдүүд, эсвэл гадаад улсын тусгай албад Төрийн тэргүүний сонгуулийг будлиантуулах гэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, үүнийг Монголын хуулийн байгууллагын ажилтнууд нарийвчлан тогтоох ёстой байтал энэ үүргээ биелүүлэлгүй тухайн асуудлыг зөвхөн нэр дэвшигчийн зүгээс гаргасан зөрчил гэж үзэж асуудлыг нарийвчлан шалгахгүй байгаа нь буруу гэсэн байр суурьтай байгаа.  Энэ тухай тайлбарыг ч Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөрчлийн тухай гомдлыг хянан шийдвэрлэхдээ нэр дэвшигч шүүх хуралд оролцох хүсэлтээ амаар илэрхийлсэн байхад нь түүнд шүүх хуралд оролцох, улмаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж олгоогүй.  Үүнээс гадна сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх гомдолтой холбогдуулан Цагдаагийн байгууллагаас бүрдүүлсэн материал асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй.  Олон асуудал дутуу шалгагдсан байхад нь шүүх үүнд дүгнэлт хийлгүй дутуу шалгагдсан материалд тулгуурлан, гомдолд нэр холбогдогчийг оролцох, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж олголгүй хуульд нийцсэн, үндэслэлтэй байх шаардлага хангаагүй шийдвэр гаргачихсан. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байгаа.
 
- Нэр дэвшигчид өөрийгөө хамгаалж,  өмгөөлөх боломж олгоогүй гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Нэр дэвшигч С.Ганбаатар “Манай гэрт найз Инжинаш маань хоёр хүнтэй ирсэн. Хамт ирсэн хоёр хүний нэг нь гадаад хүн байна гэдгийг гэрт орж ирсэн хойно нь мэдсэн. Тэр хүнийг танихгүй, мөнгө ч аваагүй” гэсэн тайлбараа хуулийн байгууллагад өгсөн. Мөн шүүх хуралд өмгөөлөгчийнхээ хамт оролцоно гэдгээ илэрхийлсэн байдаг.  Гэтэл наймдугаар сарын 7-нд Завхан аймаг  Дээд үндсэн хуулийн төсөл сурталчилж явахад нь шүүх хурал болох тухай мэдэгдэж, гаймдугаар сарын 7-нд товлогдсон шүүх хуралд оролцох эсэхийг С.Ганбаатараас утсаар залгаж асуусан байдаг. Тэгэхэд нь тэрээр Улаанбаатар хотод наймдугаар сарын 13-нд очно,  улмаар хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байгаа учир хурлыг тэр үед товлож өгөхийг хүсээд, өөрийн биеэр оролцоно гэдгээ дахин илэрхийлсэн.  Гэтэл шүүх хурлыг наймдугаар сарын 9-нд товлож, түүнийг оролцохгүй, ирээгүй гэдэг шалтгаантайгаар шүүхийн шийдвэрийг шууд гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гомдолд нэр холбогдогч хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд хурлыг түүний оролцоотой хийх зохицуулалт байгаа. Бид гурван үндэслэлээ анхан шатны шүүхийн шийтгэврийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. “Хандивын гэх мөнгө” нь хэрэв гадаадын хүнийх нь тогтоогдвол тэр мөнгийг хэн хаанаас хэн оруулж ирэв, энэ нь ямар зорилготой үйлдэл байна вэ гэдгийг хуулийн байгууллага эцэслэн шалгаж асуудлыг шүүхэд шилжүүлэх ёстой. Монгол Улсын Төрийн тэргүүний сонгууль тоглоом биш. Энэ асуудалд нухацтай хандах ёстой. Бид шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэхийг чармайж байтал МАН, АН-аас нэр дэвшигчид мөнгө өгсөн, мэтгэлцээний асуултад урьдчилан бэлтгэсэн гэх зэрэг ноцтой асуудлууд гарахад нэгийг нь ч өнөөдөр эцэслэн шийдвэрлээгүй байгааг жирийн хуульч би төдийгүй ард түмэн бүгдээрээ харж байгаа. Төрийн тэргүүний сонгуулийн үеэр хаанахын хэний 50 сая вон гарч ирэв, энэ нь ямар зорилготой үйлдэл байсан талаар нотолсон ямар ч баримт байхгүй байна.
 
-50 сая воныг солонгос иргэнээс авсан гэж үзсэн.  Өмгөөлөгчийн хувиар та тэр хүнтэй уулзсан уу. Байцаалт авсан байдаг уу?
 
-Уулзаагүй. Би мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас бидэнд байцаалт авсан гэж хэлсэн. Тэр хүн “Би танай улсын сонгуулийн тухай хуулийг мэдэхгүй нэр дэвшигч С.Ганбаатарт мөнгө хандивласан байна. Миний буруу. Тэр мөнгийг хүүхдийн буяны байгууллагад шилжүүлж өгнө үү” гэсэн байдаг.  Гэтэл цагдаагийн байгууллагаас өгсөн гэж яриад байгаа мөнгө ямар зориулалттай мөнгө, өөрийнх нь мөнгө мөн үү, хилээр яаж оруулж ирсэн, хэн нэгэн этгээд айлын гэр оронд бичлэг хийсэн нь тогтоогдвол энэ нь ямар зорилготой үйлдэл байсан, гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг ч ийх нь зүй зохистой үйлдэл мөн үү гээд бүхнийг шалгах ёстой. Мөн тухайн үед нэр дэвшигч СЕХ-нд нэр дэвшихээр материалаа өгсөн байснаас биш албан ёсоор нэр дэвшигч гэж зарлагдаагүй байсан гэдэг дээр эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ мэтчилэн олон үндэслэлээр бид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
 
-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр хүлээж байна вэ?
 
-Удахгүй давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж, Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдолтой холбоотой асуудлыг дахин сайтар шалгахыг цагдаагийн байгууллагад даалгасан шийдвэр гарах байх.  Дараагийн удаа анхан шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ гомдолд нэр холбогдогчийг оролцуулж, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломжоор хангах байх гэж хүлээж байна.
 
-Тухайн солонгос иргэн Инжинаш гэдэг хүнтэй хамт орж ирсэн юм байна. Инжинаш нь ямар тайлбар хэлдэг вэ?
 
-Би мөнгө өгөөгүй гэсэн тайлбар өгсөн байна лээ. Гэхдээ удахгүй Нийслэлийн шүүхээр хэлэлцэх учраас гомдолтой холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй байна. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар хэн нэгэн хүн, албан тушаалтан айлын гэрт дотроос нь болон гаднаас нь бичлэг хийх хориотой. Хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцох л байх гэж бодож байна.
 
-Шүүх хурлаас солонгосын иргэнтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гарсан байдаг уу?
 
-Харамсалтай нь үгүй.  Шүүхийн байгууллага гадны иргэн Монголд ирээд ийм том хэрэг тарьчихаад байхад тайлбар авсан болоод л найр тавиад явуулсанд гайхаж байна.  Шүүх хуралдаанд ч оролцоогүй байна лээ.  “Сонгуулийн хуулийг зөрчинө гэдгээ мэдэлгүй нэр дэвшигч С.Ганбаатарт хандив өгсөндөө СЕХ болон С.Ганбаатараас уучлал хүсч байна” гэж бас тайлбартаа дурьджээ. Ийм хариуцлагагүй зүйл байж болохгүй.  Монголын Төрийн тэргүүний сонгуулийг үймүүлж, Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай байсан нэр дэвшигчийн эрхэнд халдсан.  Үүнийг нэр дэвшигч  захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж,  тэр “хандивын” гэх мөнгийг Солонгос хүний мөнгө мөн эсэхэд ч эргэлзэж байна. Монголын цагдаагийн байгууллага хандивын гэх мөнгөний эх үүсгэвэр, зорилгыг нь тодруулж ажиллаж чадсангүй.  Асуудалд өнгөцхөн хандаж, зөрчил мөн эсэх нь нотлогдоогүй байхад нь сонгуулийн санал хураалтын өмнө олон нийтэд цацаж, нэр дэвшигчийн нэр хүндийг унагасан нь хариуцлагагүй үйлдэл болсон.
 
-Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаар олон зөрчилтэй асуудал гарч ирсэн.  Бусад мөнгөтэй холбоотой асуудлууд хэрхэн шийдэгдсэн бол. Энэ талаар танд мэдээлэл бий юү?
 
- Тухайн үед нэг нэр дэвшигчийн хамааралтай компанийн машинаар  нэг тэрбум 89 сая төгрөг бэлнээр нь хайрцаглан “Ховд, Баян-Өлгий, Увс”-ын чиглэлд зөөж явсан нь Говь-Алтай аймаг хураагдсан байдаг. Гэтэл энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж дууссан эсэх нь мэдэгдэхгүй байна. МАН-аас нэр дэвшигчтэй холбоотой зөрчил ч олон нийтэд ил болсон. Гэтэл сонгууль, хуулийн байгууллагууд ямар ч үйлдэл хийсэнгүй. хөдөлсөнгүй.  Ер нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль УИХ- д суудалтай улс төрийн намууд, тэдний нэр дэвшигчдэд тэгш боломж олгож чадсангүй. Хэтэрхий шударга бус өрсөлдөөн боллоо. Ард түмэн дүгнэлт хийж байгаа байлгүй дээ.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин