sonin.mn
Хуучнаар МАХН буюу МАН-ыг Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Б.Даш-Ёндон, Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-Л.Энэбиш, М.Энхболд-С.Баяр, С.Баяр-Ё.Отгонбаяр, Сү.Батболд-У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин-Г.Занданшатар, М.Энхболд-Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан нар удирдаж байлаа.
Эдгээрийн аль аль нь алдаа, оноотой албан үүргээ гүйцэтгэж, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нарын удирдлагууд нь Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайдаар ажиллаж байв. Мөн эдгээрээс Ё.Даш-Ёндонгийн удирдсан баг УИХ-ын 1992 оны сонгуульд ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны, УИХ-ын 1996 оны сонгуульд ялагдсан аж.
Харин Н.Багабанди-Н.Энхбаяр нарын баг Ерөнхийлөгчийн 1997 оны болон, Завхан аймаг дахь нөхөн сонгуульд, Н.Энхбаяр-Л.Энэбиш нарын баг УИХ-ын 2000, Ерөнхийлөгчийн 2001 болон Булган аймаг дахь нөхөн сонгуульд, М.Энхболд-С.Баяр нарын баг УИХ-ын 65-р тойрог дахь нөхөн сонгуульд, НИТХ-ын нөхөн сонгуульд, С.Баяр-Ё.Отгонбаяр нарын баг УИХ-ын 2008 оны болон, Чингэлтэй дүүрэг дэхь нөхөн сонгуульд,  М.Энхболд-Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан нарын баг УИХ-ын 2016 оны болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байлаа.
Сү.Батболд-У.Хүрэлсүх нарын баг УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулж чадаагүй боловч С.Батболдын удирдсан Засгийн Газар эдийн засгийн өсөлтийг түүхэн дэхь байгаагүй өндөр түвшинд хүргэж, намынхаа шинэчлэлийг эхлүүлж, уугуул нэрээ сэргээсэн юм.  
Харин 2012-2013 оны хооронд МАН-ыг удирдсан Ө.Энхтүвшин-Г.Занданшатар нарын үйл ажиллагаа ихээхэн анхаарал татдаг. Энэ үед МАН Аймаг, сум, дүүргийн 2012 оны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялагдсан юм. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАН тун хариуцлаггүй, зохион байгуулалт муутай оролцсон бөгөөд санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар залуучуудад чиглэсэн акци хийгээгүй, тэр бүү хэл нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийхээ тухай ганц хөрөг нэвтрүүлэг ч хийгээгүй сонгуулийн сурталчилгааг өндөрлүүлж байлаа. Энэ бүхэн нь мэдээж тухайн үед МАН-ыг удирдаж, даргаар ажиллаж байсан Өлзийсайханы Энхтүвшин ба түүний багийнхантай шууд холбоотой юм.
Жишээлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Д.Амарбаясгалангийн удирдсан штабынхан хэдийгээр ялагдсан боловч санхүү, сурталчилгааны стратегийн хувьд бүхий л нөөц боломжоо шавхсан нь нууц биш. Гэтэл Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчийнхээ тухай ганц хөрөг нэвтрүүлэг ч хийж, сурталчилаагүй  Өлзийсайханы Энхтүвшин тэргүүтнийг сэтгэлгүй гэх үү? хөрөнгө босгох, зохион байгуулах менежментийн ур чадваргүй гэх үү?
Юутай ч Ө.Энхтүвшингийн ур чадвар, үйл ажиллагаанд нам талаас нь дүгнэлт хийхэд л Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи МАН-ын хамгийн тааруухан дарга байсны ганцхан жишээ энэ буюу.
 
П.Мандах