МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Энэ хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах юм. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг олны анхаарлыг татаж байна.
 
Мэргэжлийн Засгийн газар унасан өдрөөс эхлээд олон хүний нэр Ерөнхий сайдад яригдлаа. Харин “…Би Ерөнхий сайдад өрсөлдөнө” гэж шуудхан мэдэгдсэн хүн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин юм. Тэрээр Ерөнхий сайдад нэр дэвших болсноо “…Төр засаг, намын өмнө ийм амар­гүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа.
 
Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна.
 
Хамгийн чухал нь голын эх булингаргүй байх ёстой. Харъяалах сонирхлын бүлэггүй, сэвтсэн нэр хаяггүй, зарчимч, шударга нэгнээ онож Ерөнхий сайдаар тодруулах нь ард түмнийхээ төлөө чин шударгаар сайн ажиллах чадварлаг баг бүхий засгийн газрыг байгуулахын эх юм. 2012 оноос хойш Монголын төрийг өмчийг нь идэж, завших гэж дайрдаг атлаа, хэн ч “сав суулгыг нь цэвэрлэх”-ийг хүсдэггүй, яг л “цайны газрын угаалгын өрөө” шиг болгожээ” гэж бичжээ.
 
Ө.Энхтүвшин 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгссөн байна. 1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1989-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1990-1995 онд”Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд МРТХЭГ-ын дарга, 1996-2005 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 1996-1997 онд “Yнэн” сонины Ерөнхий эрхлэгч, 1996-1997 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 онд ЗГХЭГ-ын дарга, 2006-2007 онд БСШУ-ы сайд, 2006-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2010 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2013 онд МАН-ын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд МАН-ын дарга байсан. Гэхдээ Ерөнхий сайд, УИХ-ын дарга байгаагүй. Ерөнхийлөгчид ч нэр дэвшиж явалгүй журмын нөхдөдөө боломж олгож ирсэн гэдгийг улс төрийн хүрээнд, намынхан нь ярьдаг юм. Мөн тэрээр 2012 оны сонгуульд нам нь олонх болж чадаагүй тул МАН-ын даргын ажлаа өгсөн байдаг. Хамгийн гол нь тэр зарчимч, бас түүнд өөрийнх нь хэлснээр сэвтээгүй нэр бий. Эцэст нь хэлэхэд, эрэмбээрээ Ө.Энхтүвшин л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох нь зөв харагдаад байна.
 
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин