sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 сарын 4-нд болж, Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг томилсон билээ. Хачирхалтай нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан 29 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй .
Тодруулбал чуулганы хуралдаанд  УИХ-ын 47 гишүүн оролцсоноос  47 нь дэмжиж, У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон юм. Ийнхүү У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талынх нь дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болсон билээ. Түүнийг албан үүргээ хүлээж авмагц УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй МАН-ын зарим гишүүн мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:  "Асуудлаа эндээ яриад явъя гэдэг зарчим байгаа. Засгийн газрыг унагахад АН-тай нийлж, зөвшилцөх алхам хийлгүй явлаа. Үүн дээр гол маргаан эгдүүцэл үүсэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэдэг дээр Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна. 65 дотроо ойлголцох асуудал байсан гэтэл юун амь нас яриад байна вэ. Бид Ерөнхий сайдын үгийг сонсоно. Засагт ямар сайдууд орох вэ гэдэг нь дараагийн асуудал. Эв нэгдлийг хангах талаар Ерөнхий сайд ажиллах ёстой. Үүнийг хийхгүй, ямар ч зүйл ярихгүй байна. Зарчмаа ярья.
Ерөнхий сайдаас ямар зарчмаар ажиллаж, 65-ын бүлгийг нягтруулах вэ гэдгээ ярья гээд байгаа юм. Тус тусдаа хуралддагаа зогсооё гээд байна. Бид ийм бодолтой байна, та ямар бодолтой байгаа вэ гэж асууж байна. Аль болох ойлголцмоор байна" хэмээсэн юм.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн Газраа хэрхэн бүрдүүлж, хэн хэнийг сайд болгох вэ? гэдэг асуудал тулгамдаад байна. Хэвлэлүүдээр ч хэдийн шинээр сонгогдох сайд нарын нэрс гараад эхэлсэн. Гэхдээ асуудлын гол нь хэн сайд болохоос илүү У.Хүрэлсүх аль бүлэглэлтэй хамтарч,  Засгийн Газрыг байгуулах нь юм. У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдын фракцитай ямар ч хэлбэрээр хамтрах сонирхолгүй гэдгээ шулуухан илэрхийлжээ. Харин Сү.Батболд, "М-Си-Эс"-ийн бүлэглэлд голлох яамдаа өгөхөөр нэгэнт тохиролцсон аж. Мөн Засгийн газрыг огцруулах санал өгсөн УИХ-ын гишүүдийн төлөөллийг ч Засгийн Газартаа багтаах нь тодорхой. Үүнээс гадна нэгэн сонирхолтой шийдэл яригдаж байгаа нь ганц, хоёр сайдын албан тушаалд нам харгалзахгүй нэр хүндтэй улс төрчдийг урьж ажиллуулах явдал аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, "Де Факто" нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан нарын нэгийг Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх Ухааны сайдаар санал болгож болох тухай яригджээ. Энэ яриа УИХ-ын гишүүн С.Жавхлангийн сонирхлыг ч төрүүлсэн бололтой.  10 сарын 4-нд шинээр томилогдсон Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн С.Жавхлан тусгайлан баяр хүргэсэн бөгөөд ямар ч хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Үүний дараахан нь л  С.Жавхлангийн ажлын албаны гэх залуус  С.Жавхлан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдар ажиллахыг дэмжиж байна гэсэн мэдээллийг цахим орчинд зохион байгуулалттай тарааж эхэлсэн байна.  Юутай ч УИХ-ын гишүүн С.Жавхланд сайдаар ажиллаад үзэх хүсэл байгаа бололтой.
 
С.Сарнай