sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE группийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан бичиг ирүүлжээ.
 
Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн “Ажиглалтын жагсаалт”-аас хассанаа илэрхийлж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтанд дахин орох боломжтойг мэдэгдсэн байна.
 
Хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтаас хассан гол шалтгаан нь төлбөр тооцооны Т+3 системийг 2015 онд урьдчилсан төлбөрт систем рүү эргүүлэн ухраасан болон зах зээлийн төлбөр тооцооны эрсдлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаантай гэдгийг дурджээ.
 
Иймд хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудад дээрх дурдсан асуудал өөрчлөлтүүдийг нэн даруй хамтран гүйцэтгэж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтад эргэн орж, улмаар Фронтиер зах зээлийн ангилалд орохын төлөө хамтран ажиллахыг Хөрөнгийн биржээс  уриаллаа.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг