sonin.mn
ТАЙПЭЙ. /Эн-Эйч-Кэй/. Хоёр талын харилцаагаа сайжруулахын тулд яриа хэлэлцээ хийхийг БНХАУ-д Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь уриалахын сацуу ямар ч дарамт шахалтын өмнө толгой гудайхгүй гэдгээ мэдэгджээ.
 
Японы "Эн-Эйч-Кэй" телевизийн мэдээлснээр, хатагтай Цай Инвэнь мягмар гарагт буюу өчигдөр болсон, тайваньчуудын нэрлэдгээр “Үндэсний баярын өдөр”-т зориулсан арга хэмжээний үеэр үг хэлсэн байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Бид уйгагүй хүчин чармайлтаар олж авсан ардчилал болоод эрх чөлөөгөө хамгаалахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэжээ. Түүний энэ мэдэгдэл нь “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж буй Бээжинг сөрөн зогсох хэрэгтэй гэснээс өөрцгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Тайванийн Ерөнхийлөгч цааш нь ярихдаа “Сөргөлдөөний замаар би явахыг хүсэхгүй байна. Гэхдээ би ямар ч дарамт шахалтын өмнө толгой гудайхгүй. Аливаа зөрчилдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг ямагт эрмэлзэх болно” гэжээ. Түүний яриа хэлэлцээ хийх саналд Бээжин нааштай хариу өгөх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ "Бээжин Тайванийн тусгаар тогтнолыг хатуу эсэргүүцэх болно" гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өнгөрсөн сард анхааруулж байсан юм.
 
Цай Инвэнийн Хөгжил дэвшлийн нам өнгөрсөн онд Тайванийн засгийн эрхийг авснаас хойш БНХАУ болон Тайвань хоорондын харилцаа таагүй болоод байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг