sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсаар ойрын хугацаанд зорчих монгол иргэдэд хандаж дараах зөвлөмжийг гаргажээ.
 
Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет өнгөрсөн оны 10 дугаар сарын 13-нд таалал төгссөнтэй холбогдуулан тус улсад нэг жилийн хугацаанд гашуудал зарласан. Гашуудлын хугацаа энэ сард дуусгавар болж байгаа бөгөөд 10 дугаар сарын 25-29-нд Бангкок хотноо Хаан Пумипон Адульядет агсаны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох юм. Энэ хугацаанд хааны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм энэ сарын 30-ны өдөр хүртэл олон нийтэд хаалттай байх аж.
 
Мөн хаантантай салах ёс хийх зорилгоор Тайландын өнцөг булан бүрээс олон тооны хүн Бангкок хотод ирэхээр төлөвлөж байгаа тул Бангкок хотод ирэх бол зочид буудлын захиалгаа эртнээс хийх, банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг ажиллах хэдий ч зарим дэлгүүр, хоолны газрууд эрт хаагдаж болзошгүйг анхаарах, олон нийтийн газруудад хөгжим суллаж, гэрэлтүүлгийг бүдгэрүүлсэн байх бөгөөд шөнийн клубууд хаалттай байхыг мэдэж байх, хаантай салах ёс гүйцэтгэх ёслолын арга хэмжээнд олон орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөгчид оролцох тул цагдаа болон армиас өндөржүүлсэн хамгаалалт гарна. Иймд дээрх өдрүүдэд Бангкок хотод зорчих иргэд гадаад паспортаа биедээ авч явах, тус улсын иргэд, ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа. Гэхдээ жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй ч зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард иргэдийнх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байх, аль болохоор хар тууз зүүж явахыг зөвлөжээ. Хар туузыг нисэх онгоцны буудал, зочид буудал, дэлгүүрээр жуулчдад үнэгүй тарааж байгаа аж.
 
Хааны шарилыг чандарлаж түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг жуулчид үзэх боломжтой. Харин ёслолын арга хэмжээнд оролцохдоо Тайландын иргэд эсвэл тай хэл, соёлыг мэддэг хүнтэй хамт явах хэрэгтэй. Хааны нас барсан өдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 10 дугаар сарын 26-нд хар эсвэл цагаан өнгийн цамц өмсөх нь зохистой. Энэ хугацаанд олон нийтийн тээврийн хэрэгсэл, тухайлбал автобус, метро, Skytrain 26-ны өдөр үнэгүй үйлчлэх гэнэ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг