sonin.mn
АБУ-ДАБИ. /Киодо/. Умард Солонгосын иргэдэд виз олгохоо зогсоож буйгаа Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ мэдэгдсэнийг Японы “Киодо” агентлаг уламжиллаа. Умард Солонгосын гадаад улс орнуудад ажилладаг иргэд бол Пхеньяны хувьд гадаад валютын томоохон эх үүсвэрүүдийнх нь нэг юм.
 
АНЭУ-д үйл ажиллагаа явуулах хүсэлтэй Умард Солонгосын компаниудад шинээр лиценз олгохоо мөн зогсоож байгаагаа АНЭУ-ын ГХЯ пүрэв гарагт мэдэгджээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн нэгэн хариуцлагатай гишүүний хувьд Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь татгалзуулах хүчин чармайлтад нэгдэн эдгээр шийдвэрийг гаргалаа гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.
 
Шинжээчдийн үзэж буйгаар, АНЭУ-ын шийдвэр нь Пхеньянд ихээхэн сөргөөр нөлөөлж магадгүй. Умард Солонгосын 1000 гаруй иргэн АНЭУ-д ажилладаг аж.
 
Умард Солонгосын иргэдийг ажиллуулахаа зогсоохыг Ойрхи Дорнодын улсууд ба бусад улс оронд Япон болон АНУ уриалж байна. Умард Солонгосын цагаач ажилчдын олсон мөнгөөр Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна гэж тус хоёр улс үзэж байгаа юм.
 
Кувейт бол Умард Солонгосын ЭСЯ байдаг Персийн булангийн бүс нутгийн цорын ганц улс. Тус улс Умард Солонгосын иргэдэд виз олгохоо хэдийнээ зогсоож, Элчин сайдыг нь нутаг буцаагаад байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг