sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярьж, АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын байрууд дээрх Оросын төрийн далбааг буулгаж авах тушаалыг Америкийн эрх баригчид өгсөн нь бурангуй үйлдэл гэж эсэргүүцэл илэрхийлсэн байна.
 
РИА Новости агентлагийн уламжилснаар, ОХУ-ын эрх баригчид АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын хууль бусаар булаан авсан байруудыг буцааж авах нэхэмжлэлийг шүүхэд гаргах бодолтой байгааг Сергей Лавров нотолсон юм.  
 
“Америкийн түшмэдийн дураараа авирлаж буй үйлдлүүд нь АНУ-ын дээд түвшний удирдлагын зүгээс тунхаглаж буй хоёр талын урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрсэн харилцааг сайжруулах хүсэл бодолтой эрс зөрчилдөж байна” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.
 
Саяхан АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид Сан-Франциско дахь Оросын хаагдсан консулын газрын байрууд дээрх төрийн далбааг буулгаж авсан аж. Энэ мэдээллийг АНУ-ын төрийн департамент нотолсон бөгөөд төрийн далбаанууд байруудын дотор байгаа гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан АНУ дахь ОХУ-ын элчин сайдын яам эсэргүүцэл илэрхийлж, төрийн далбаануудыг нэн даруй буцаан мандуулахыг шаардсан аж.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг