sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-д 200 болон 2000 рублийн шинэ мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд оруулж эхэллээ. Шинэ мөнгөн дэвсгэртүүд нь хуурамчаар үйлдэхийн эсрэг дээд зэргийн хамгаалалттай юм гэж Оросын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина пүрэв гарагт шинэ дэвсгэртүүдийг танилцуулахдаа мэдэгдсэн байна.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, эхний ээлжинд шинэ дэвсгэртүүдийг Москва хот болон мөнгөн дэвсгэртүүд дээр билэгдэл нь дүрслэгдсэн Крым ба Алс Дорнод зэрэг бүс нутагт гүйлгээнд оруулах юм байна. Харин 12 дугаар сараас шинэ дэвсгэртүүд нийт Орос даяар гүйлгээнд орох аж. Оросын Төв банк хамгийн сүүлд 2009 онд шинэ мөнгөн тэмдэгт гаргасан нь 10 рублийн зоос байсан байна.
 
Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах тухай Оросын Төв банк анх 2016 оны дөрөвдүгээр сард зарласан ба тэдгээр нь оросуудын төлбөр тооцооны ажиллагааг хялбаршуулна гэж мэдэгдсэн билээ. 2016 оны 6-10 дугаар сард шинэ мөнгөн дэвсгэртүүд дээр дүрслэх билэгдэл шалгаруулах уралдаан зарлаж, Оросын 1113 хотын 5 мянга орчим байгаль, түүх, соёлын үзэсгэлэнт дурсгалаас сонголт хийж, эцсийн шатанд Севастополь болон Алс Дорнодын билэгдлүүдийг сонгон авсан байна.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг