КАБУЛ. /Шиньхуа/. Афганистан улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ байнгын гишүүн болсон тухай тус улсын Сангийн яам мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжиллаа.
 
Афганистаны Сангийн яамнаас ням гарагт гаргасан мэдэгдэлд “Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон Дэлхийн банк болон ОУВС-гийн уулзалтын үеэр Сангийн сайд Эклил Хакими АДБХОБ-ны гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардан авсан. Энэ банкны гишүүн болсон нь Афганистаны хувьд чухал ач холбогдолтой  бөгөөд томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх замыг засаж өглөө” гэжээ.
 
АДБХОБ нь Азийн улс орнуудын дэд бүтцийг сайжруулахад санхүүжилт олгох зорилгоор 2015 онд байгуулагдсан банк юм.
 
Одоогоор тус банк нь 56 бүрэн эрхт гишүүнтэй байгаа бол 30 улс орон гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад байгаа аж. Монгол Улс 2015 оны 11 дүгээр сард тус банкны гишүүн болсон юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг