УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Охин үртэй хүн бүр санаа тавих цаг нь болжээ

Нийтэлсэн: 2017-10-16 19:44:13

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
 
-Энэ чуулганаар гол ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх вэ. Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч завсарлага авсны улмаас зогсоочихоод байна. Төсвийн тодотголд орж буй гол өөрчлөлтүүд юу байна?
 
-Хуулийн дагуу өнгөрсөн хаврын чуулганаар энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-н 49 дүгээр тогтоолоор баталсан. Олны анхаарал татаж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Бүртгэлийн багц хуулиуд, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 16 хууль байгаа. Энэ тогтоолд зааснаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байх хуулийн заалттай юм.
 
-Сая таван настай охин хүчирхийлэлд өртсөн цочирдмоор хэрэг гарлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд юу байна вэ?
 
Хүүхэд бол бидний ирээдүй, гэгээлэг бүхнийг илэрхийлдэг.  Таван настай охиныг хүчиндсэн хэрэг бол манай нийгмийг цочирдуулсан хэрэг бөгөөд хүн бүр энэ хэрэгт анхаарлаа хандуулах ёстой. Таван настай охины амссан зовлонг 2016 онд 298 хүүхэд амссан юм байна лээ. Цаана нь хүчиндүүлсэнээ, бэлгийн дарамтад ордогоо хэнд ч хэлээгүй одоо хүртэл тас нууж байгаа хичнээн хүүхэд байгааг мэдэхгүй. Энэ нь хүүхдийг өөрийгөө жигшиж, өөрөөсөө ичиж, ангийнхан, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусгаарлагдаж, цаашлаад биеэ үнэлэгч болох замд нь оруулдаг гэж сэтгэл зүйчид үздэг.
 
Өнөөдөр манай нийгэм ийм бохир болчихсон байгаад УИХ-д суугаа эмэгтэй гишүүд онцгой анхаарал хандуулах ёстой. Бид анх удаа УИХ-д 13-уулаа сонгогдчихоод байж нийгэмд хүүхдийн эрхийг илт зөрчиж, адгуус шиг авирласан явдал гарч байгаад харамсч, дахин ийм хэрэг гаргахгүйн төлөө ясаа цайтал тэмцэх ёстой. Энэ тогтолцооны гажигийг засах ёстой. Хүчиндүүлсэн гэсэн хүүхэд үзлэгт ороход 10 000 төгрөг төлнө гэж байж болшгүй зүйл шүү дээ. 
 
Шүүх эмнэлгийн төлбөр гэж 10 000 төгрөгийн хураамж авч байгаа нь хуулийг давж, журам гаргадаг буруу жишгийн уршиг. Хүн хүчиндэх гэмт хэрэг бол эрүүгийн гэмт хэрэг, энэ нь өөрөө эрүүгийн хуулиар шийдэгдэх асуудал шүү дээ. 
 
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж Хүүхдийн эрхийн хороонд тухай бүр илтгэлээ хүргүүлж ирсэн. Бид 2016 оноос хойш НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа улс байж дотооддоо үүсч байгаа хүүхдийн эрхийн зөрчлийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй.  
 
Манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцийн хэрэгжилтийн тухай 5 дугаар тайлан илтгэлээ Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганд 2017 оны 5 дугаар сард хэлэлцүүлээд, сайшаасан дүгнэлт авч байсан.
 
Саяхан 13-хан настай охинд архи шахаад алчихсан хэрэг гарч, нийгмийг цочроосон. Хүүхэд насандаа жаргаж, эцэг эхдээ эрхлэн жаргаж байх ёстой хүүхдүүдээс амь нас, аз жаргал, өөртөө итгэх итгэлийг нь булаадаг яачихсан дотортой хүмүүс вэ. Охин үртэй хүн бүр санаа тавьж, олныг хамарсан кампанит ажил зохион байгуулах цаг нь болжээ. Эмэгтэй гишүүд нэгдэн, дорвитой алхам хиймээр байна. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй нийгмээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулмаар байгаа юм. Лантуун Дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ганхавхлан гэж залуу энэ асуудалд оройлон дуу хоолойгоо гаргаж байгаа нь бусад эрчүүдэд ч үлгэр жишээ болоосой гэж хүсч байна.
 
Монгол Улсын Их Хурлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үед миний бие хуулийн төслийн УИХ-н чуулганаар хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Уг хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх төрийн бүх шатны байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг, төрийн бус байгууллага, иргэний үүрэг оролцоо, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, хамгаалах байр, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа зэргийг цогцоор нь хуульчилж өгсөн. Анх 2004 онд батлагдаж байсан хуулийн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулахаар Хууль зүйн яам болон мэргэжлийн байгууллагууд 5 жил гаруй ажилласан байдаг бөгөөд Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд төрийн болон төрийн бус байгууллагууд судлаачид ажлын хэсэгт орж ажиллаж  харьцангуй сайн хууль болсон гэж үзэж байгаа.
 
Мөн энэ оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчлахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн этгээд хуулийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол, Гэр бүлийн хүчирхийллийн талаарх хуулиар оногдуулсан үйл ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчилж өгсөн.
 
Мөн гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хохирсон хохирогчид үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээ зэргийг үнэ төлбөргүй үзүүлэхээр заасан бөгөөд үүн дээр нэмж Шүүх эмнэлгийн шинжилгээний зарим үйлчилгээг үнэ төлөргүй үзүүлэх боломжийг холбогдох байгууллагууд судлан үзэж шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. . 
 
-Тухайлбал, уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Хариуцлагыг хэрхэн ямар байдлаар тооцох юм бэ?
 
Хуулийг боловсронгуй болгох гол шалтгааны нэг нь хохирогчийг хамгаалах. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс цагдаад гомдол гаргахаар хүчирхийлэл үйлдэгч болон бусад хүмүүс дарамталснаас гомдлоо татаж авахаас аргагүй байдалд ордог, мөн торгох шийтгэл оногдуулах нь тухай хохирсон хүнийг, гэр бүлийг хамтад шийтгэсэн үйлдэл болдог. Тэгвэл өнөөдөр хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах, Зөрчлийн тухай хуулиар тухайн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтанд хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулхаар заасан. Ингэж эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлагыг ялгаа заагтай хуульчилж өгснөөр сэтгэл, санаа, бие мах бодь, эд хөрөнгийн хүчирхийлэл үйлдсэн этгээд ямар нэгэн байдлаар хариуцлага, ял шийтгэлээс мултрахгүй боломжгүй болж байгаа юм.
 
Зөвхөн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгээд зогсохгүй Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй, Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн, Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчилж өгсөн.  Бүх шатны боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, хүүхэд гэр бүл хариуцсан ажилтан, баг, хорооны бусад албан тушаалтнууд, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний гэрээ гүйцэтгэж байгаа төрийн бус ажилтан ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдэж болзошгүй тохиолдлыг заавал мэдээлэх ёстой. Мэдээлэл өгсөн хүнийг аюулгүй байдлыг хуулиар хангана.  
 
  Мөн хуулиар хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж болон энэ хуульд заасан бусад үйлчилгээг нэг доор үзүүлэх “нэг цэгийн үйлчилгээний төв”, Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах “хамгаалах байр”-г байгуулж ажиллуулахаар заасан.  
 
-Ямар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан талаар та тодруулж хэлж өгөхгүй юу? 
 
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хуульчилсан. Энд зааснаар зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүндрүүлэх бүрэлдхүүнтэй үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Энэ зүйлд зааснаар гадна гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлж үзэн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа. Мөн шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх гэмт хэргийг хялбаршуулсан журмаар буюу богино хугацаанд шийдвэрлэх журмыг хуульчилж өгсөн. Ингэснээр хохирогчийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх боломжтой болж байгаа юм.  
 
-Хүчирхийллийг хамгаалах олон байгууллагууд бий. Тэд ажлаа хэр сайн хийж байна. Хүчирхийллийн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийвэл зохистой вэ?
 
Цагдаагийн байгууллагын энэ оны эхний 9 сарын статистик мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 онд 1066 үйлдэгдэж  байсан бол 2017 онд 721 болж 32.4 хувиар буурсан, мөн гэрг бүлийн хүчирхийлэлт автсан хохирогч 2016 онд 956 байсан бол 2017 онд 870 болж буурсан байна. Цаашид цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Зөвхөн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн тоо түүнийг үйлдсэн этгээд, хохирогчийн талаарх мэдээлэл төдийгүй бусад гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй байх тохиолдол нэлээдгүй байдаг. Тиймээс судалгааг нарийвчлан гаргадаг байх нь эргээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. 
 
Хэдийгээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож өгсөн хэдий ч хуулийг хэрэгжүүлэх талаарх  тодорхой төрлийн ажиллагаа явуулхад гарах зардлыг улсын төсөвт тусгаж өгөх шаардлагатай байгаа. Иймээс холбогдох байгууллагууд маань ямар төрлийн үйл ажиллагаа явуулах, хаана ямар хамгаалах байр байгуулах талаараа саналаа ирүүлсэн тохиолдолд шаардагдах төсөв хөрөнгийг улсын төсөвт тусгахад УИХ-н гишүүний хувьд нэн түрүүнд дэмжиж ажиллана.Энэ талаар ч тодорхой санал санаачлага гаргахаар ажиллаж байна. Ер нь цаашдаа Засгийн газар хууль батлуулахдаа шаардагдах төсвийг хэрхэн яаж шийдвэрлэх талаарх тодорхой саналаа оруулж ирээд шийдвэрлүүлж байх нь хуулийг хэрэгжилтийг түргэн шуурхай хангахад үр дүнтэй арга болно гэж үзэж байна. 
 
Зөвхөн төсөв мөнгө ч гэлтгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар төрийн захиргааны болон нутгын өөрөө удирдах шатны байгууллагуудын үүргийг тодорхой хуульчилж өгсөн. Энэ ажлуудыг шат шатандаа хийх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал Боловсролын яам зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах, боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих, хүчирхийллийг илэрхийлсэн агуулга бүхий соёл урлагын арга хэмжээнд хяналт тавих үүрэгтэй юм. 
 
Хуульд заасан арга хэмжээнээс гадна энэ төрлийн гэмт хэрэг нь өөрөө гэр бүлийн хүрээнд, бидний хэлдэгээр цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Судалгаанаас үзхэд тухайн төрлийн гэмт хэрэг гарахад архидалт, хардалт, ажилгүйдэл, мөнгө, санхүүгийн байдал зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна. Тэгхээр нийгэмд байгаа эдгээр сөрөг нөлөөллийг хэрхэн арилгах бэ гэдэг дээр төр засгийн зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм ч учраас Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс ажилгүйдлийг бууруулах, өрхийн амжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, цэцэрлэг, сургуульд хамрагдах байдлыг нэмэгдүүлхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. 
 
Хүүхэд хамгаалах 108 төвийн хамт олон өчигдөр гарсан хэргийн дараа 5 настай охиныг хамгаалах байр руу авч яван, эмчилгээ, өмгөөлөл зэрэг бүхий л асуудлыг хариуцна гээд аваад явсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь хуулийн хэрэгжилт үр дүнгээ үзүүлж байгаагийн нэг жишээ гэж үзэж байна.
 
Цаазын ялыг сэргээх асуудлыг хөндөж ярьж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
Цаазын ялыг цуцалсан нь манай эрх зүйт төр, ардчиллын дэвшил гэж би үздэг. Ялын хэмжээ бол хөнгөн байгаа тал байгаа. Миний бодлоор бол хууль дээдлэх ёсыг тогтоож, хуулийг яс хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж бодож байна. Харин хүчин, онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрхэвч өршөөлийн буюу уучлалын хууль үйлчлэх ёсгүй гэсэн бодолтой байна.
СУРТАЛЧИЛГАА :

Энэхүү нийтлэлд сэтгэгдэл бичих боломжгүй!